Нийслэлийн Онцгой комиссоос үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ЦУОШГ-аас дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэдээлсэн. Улаанбаатар хотод энэ зун олон жилийн дунджаас ахиу хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа гэсэн юм.
Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аюултай бүсэд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, голын голдирлыг өөрчлөн барьсан барилгуудыг нурааж, түшиц хана хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан дотор ургасан мод, бут сөөгийг чөлөөлөх, лаг хагшаасыг цэвэрлэж байгааг аж.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “1966-1975 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 24 км гар хийцлэл буюу шороон даланг хийсэн байдаг. Эдгээр даланг бид энэ жилээс төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна.
Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Мод, бут сөөг нь усны урсцыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна.
Бургасыг шилжүүлснээр үерийн хамгийн эрсдэлгүй нөхцөл байдал бүрдэнэ” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!