Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх иргэд нь ажил хийлгүйгээр тогтмол мөнгө авдаг дэлхийн анхны улс Өмнөд Африк болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) орлогын тэгш бус байдлаараа дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй орнуудын нэг.

Тус улсад ажилгүйдлийн түвшин одоогоор 30 гаруй хувьтай байна.

Тэгвэл ӨАБНУ-ын эрх баригчид үүнийг шийдэх аргыг “Universal Basic Income” (UBI) буюу бүх иргэддээ тогтмол суурь орлоготой болгох гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл ямар ч ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлгүйгээр, үүрэг хариуцлага хүлээлгүйгээр, зүгээр л тус улсын иргэн болсныхоо төлөө сар бүр амьдралын наад захын хэрэгцээгээ хангах хэмжээний тогтмол мөнгийг засгийн газраасаа авдаг болох юм.

Тус улсын олон нийт энэ санааг өргөнөөр дэмжиж байгаа бөгөөд хамгийн том улс төрийн хүчин болох Африкийн Үндэсний Конгресс нам саяхан хоёр жилийн дотор ийм системийг нэвтрүүлэхээ амлажээ.

UBI нэг үе мөрөөдөл төдий байсан бол цар тахлын үеэр иргэдэд мөнгө тараах арга хэмжээнүүд амжилттай хэрэгжсэний дараа илүү бодитой яригдах болсон юм. Технологийн салбарын том онолчид ч бас хиймэл оюуны хөгжлийн үр дүнд хүмүүс роботуудыг өмнөөсөө ажиллуулаад тогтмол орлоготой амьдрах боломжтой болно гэж үзэж байгаа.

Өнөөдөр дэлхийн хэд хэдэн улсад UBI системийг жижиг хүрээнд туршиж байна.

Тухайлбал зүүн Африкийн Кени улс 200 өөр газар амьдардаг 20,000 хүнийг түүвэрлэн сонгоод тогтмол мөнгө тараах туршилтыг явуулж байгаа.

АНУ-ын хэд хэдэн хот, мужид жижиг хүрээнд ийм туршилт явуулж байна.

Сонгогдсон хүмүүс нь заавал эмзэг бүлгийнх байх албагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг ч байж болдог.

Эдгээр туршилт нь суурь хэрэгцээгээ хангах мөнгөнд санаа зовохгүй болсон хүмүүсийн сэтгэл ханамж нэмэгдэж, илүү ихийг бүтээх сэдэлтэй болдог гэсэн онолыг батлах зорилготой юм.

Гэхдээ Африкийн Үндэсний Конгресс нам тавдугаар сарын 29-нд болсон парламентын сонгуулиас долоо хоногийн өмнө UBI системийг нэвтрүүлэхээ амлаж байв.

Энэ сонгуулиар тус нам парламентад олонхын статусаа алдаж, бусад улс төрийн хүчнүүдтэй эвслийн засгийн газар байгуулах болоод байгаа.

Эвслийн засгийн газрыг байгуулагчдын нэг тохиролцох асуудал нь UBI болоод байна.

Африкийн Үндэсний Конгресс нам уг хөтөлбөрөө санхүүжүүлэх эх үүсвэрийг бий болгох арга замуудыг судалж байгаагаа сонгуулийн дараа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider