Өчигдөр буюу Бямба гарагт Дэлхийн Хоёрдугаар дайны ахмад дайчин 100 настай Харольд Теренс сүйт бүсгүй 96 настай Жин Сверлинтэй Франц улсын Норманди мужийн эргийн нэг хотод гэрлэлтээ батлуулжээ.
1944 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Холбоотны 160,000 цэрэг Европ тивийг Нацист Германы эзэрхийллээс чөлөөлөх зорилгоор Нормандийн эрэгт газардаж байсан юм.
Теренс тэдний нэг байсан бөгөөд уг үйл явдлын түүхт 80 жилийн ойд оролцохоор ирээд байжээ.
Теренс, Сверлин нарын гэрлэлтийг Нормандийн Карентан хотын дарга Жан Пьер Лоннюр баталгаажуулж, хотын оршин суугчид гэрчээр оролцсон байна.
Гэхдээ хотын даргад гадаадын иргэдийн гэрлэлтийг батлах хууль ёсны эрх байхгүй тул энэ гэрлэлт бэлгэдлийн чанартай арга хэмжээ болжээ.
Хос хоёр өөрсдийн амьдардаг АНУ-ын Флоридад буцаж очсоныхоо дараа гэрлэлтээ албан ёсны болгох боломжтой юм байна.
Теренс, Сверлин нарыг тусгай хуримын үдэшлэг хүлээж байгааг Карентан хотын дарга энэ үеэр мэдээлжээ.
Тэд Бямба гарагийн орой Парис хотын Элисейн ордонд Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд зориулсан төрийн хүндэтгэлийн зоогт уригдсан байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
|