"Монгол-Вьетнамын харилцаа: Түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Чингис Хааны музейд болж байна.
Уг хурал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан болж байгаа бөгөөд энэ үеэр “Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа” номын нээлт болов.
Номын зохиолч, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Доктор, дэд профессор Б.Цэнгэллхам "Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа” гэх бүтээл нь 13 дугаар зууны Монголын эзэнт гүрэн Вьетнамтай харилцаатай байсан үеэс өнөөдрийг хүртэл улс төрийн харилцааны түүхийг хамруулан хийсэн судалгааны бүтээл юм.
1954 онд хоёр орон албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа ах дүүгийн чин сэтгэлийн найрсаг харилцаатай байсан. Өнгөрсөн онд манай улсын ерөнхийлөгч Вьетнамд хийсэн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн харилцааны түвшингээ иж бүрэн түншлэлд хүргэнэ гэсэн зорилгыг дэвшүүлж санал нэгтэйгээр тохиролцсон.
Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш Америк-Вьетнамын дайны үед ах дүүгийн чин сэтгэлийн тусламж дэмжлэгийн харилцаа нэлээд давамгайлж байсан бол сүүлийн жилүүдэд улс төрийн харилцаан дээр суурилсан бусад бүх салбарын харилцаа жигд өргөжин хөгжиж байгаагаараа онцлогтой байна.
Тодруулбал:
Худалдаа: Сүүлийн таван жил хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар хоёр орны худалдаа 140 сая ам.долларт хүрсэн байна. Сүүлийн үед манай орноос арьс ширэн бүтээгдэхүүний түүхий эд, ноос ноолуур гэх мэт зүйлсийг Вьетнам руу гаргадаг болсон. Вьетнамаас бүх төрлийн барааг авч байна.
Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар: Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын харилцаа маш эрчимтэй явж байгаа. Үүний жишээ нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд хоёр орны энхийг сахиулагч нар хамтран оролцож үүрэг гүйцэтгэдэг.
Аялал, жуулчлал: Сүүлийн гурван жилд аялал жуулчлалын салбарын харилцаа маш эрчимтэй хөгжиж манай орны иргэдийн Вьетнам руу аялах аяллын хөл тасрахгүй маш эрчимтэй явж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!