Уншиж байна ...

Жоомны үүсэл гарал, дэлхий даяар тархсан түүхийг судалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ахуйн хүрээнд хамгийн их тархсан шавж болох жоомны гарал үүсэл, дэлхий дахинд тархсан түүхийг судалсан ажлын тайлан өнгөрсөн долоо хоногт “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ.

Өнөөдөр хамгийн түгээмэл байдаг жоомны төрөл зүйлийг Герман жоом буюу шинжлэх ухааны нэр томьёогоор “Blattella germanica” гэж нэрлэдэг.

Анх 250 орчим жилийн өмнө Европын шинжлэх ухааны бичиг баримтуудад дурдагдаж эхэлсэн энэ амьтан хэдийгээр Герман гэх нэр зүүсэн ч гарал үүсэл нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм.

Харвардын Их сургуулийн эволюцын биологич Чянь Танын удирдсан баг дэлхийн 17 орны 57 газраас 281 герман жоомыг цуглуулж, тэдгээрт ДНХ-ийн шинжилгээ явуулжээ.

Ингэхэд өнөөдрийн гэрийн жоом нь шинжлэх ухаанд Blattella asahinai гэж нэрлэгддэг Азийн зэрлэг жоомноос 2,100 жилийн өмнө салбарлаж үүссэнийг тогтоосон байна.

Тухайн үед зэрлэг жоомны уугуул нутаг болох өнөөдрийн Энэтхэг, Мьянмарт хүмүүс анх газар тариалан эрхэлж эхэлсэн ба жоомнууд энэ үеэр хүмүүсийн тариалсан үр тариаг хоол хүнсээ болгож, дасан зохицсон байж магадгүй гэж Танын баг дүгнэжээ.

Ингэснээр жоомнууд хоол хүнсээ дагаад хүмүүсийн амьдардаг орчинд нэвтэрч эхэлсэн бололтой.

Үүнээс хойш нэг мянган өнгөрсний дараа Өмнөд Ази болон Ойрх Дорнодын хооронд худалдаа, цэрэг дайны харилцаа өргөжсөн нь жоомнуудын эзэмшил газар нутгийг тэлсэн гэнэ. Эндээсээ цаашлаад Европ тивд хүрэх зам нээгдсэн бололтой.

Жоом анх 270 орчим жилийн өмнө Европ тивд очсон гэх таамгийг судлаачид дэвшүүлжээ.

1776 онд Шведийн алдарт генетикч Карл Линнаесус анх удаа жоомны талаар баримт тэмдэглэж үлдээсэн юм. Энэ нь Ази, Европ, Умард Америкийг хамарсан Долоон Жилийн дайн дэгдсэнээс хойш арван жилийн дараах үйл явдал ажээ.

Үүний дараа одоогоос 120 жилийн өмнө жоомнууд Европоос Америк тивд хүрсэн байна.

Одоо Танын баг жоом хэрхэн хүмүүсийн ахуй орчинд ийм сайн дасан зохицсоныг судлахаар төлөвлөжээ.

“Жишээлбэл Герман жоом нь бусад олон төрлийн шавжид байдаггүй хор эсэргүүцэх чадвартай байдаг. Тэд яаж ийм хурдан дасан зохицов? Энэ нь тэдний генд байдаг ч хүний үйл ажиллагааны дарамт шахалтын нөлөөгөөр тодорсон чадвар мөн үү?” гэж Тан ярьж байна.

Жоомнууд бас нийгмийн харилцаанд орж, хоол хүнс хаана байгаа талаар нэг нэгэндээ мэдээлэл дамжуулдаг юм. Үүнийг бас хүмүүсийн дэргэд оршин тогтнохын тулд олж авсан чадвар байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: CNN