Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Байнга мандуулах 60 метр өндөр төрийн далбааг хийж байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Тус хуулийн төсөл батлагдсанаар төрийн далбааг байнга мандуулах байршлыг Ерөнхийлөгч тогтоож байх аж.

Үүнтэй холбогдуулан хууль санаачлагчаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Төрийн сүлд, далбаа, дуулал гэдгийг улсын гэдэг үгээр сольж болох уу. Улс мөнх орших уу, төр мөнх орших уу.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай асуудалд мэргэжилтэн, шинжээчдийн судалсан зүйл байгаа юу" хэмээн асуулаа. 

Түүний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.

Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ гэж заасан байдаг. 

Цаашдаа бид төрийн далбааг байнга мандуулах байршлыг тодорхой болгоно. Энэ жил чадвал долдугаар сарын 10-нд буюу төрийн далбааны өдрөөр 60 метр өндөр төрийн далбаа мандуулах гэж байгаа.

АНУ, Турк, Киргиз оронд төрийн далбааг байнга мандуулдаг. Энэ нь залуучуудад эх орноо сурталчлах, бахархах үзэлд нөлөө үзүүлдэг гэж олон улсад үздэг.

Манай улс төрийн ёслол арга хэмжээ, тэмдэглэлт болон баярын өдрүүдэд Сүхбаатарын талбайд төрийн далбаагаа мандуулдаг. 

Байнга мандуулдаг 60 метр өндөр төрийн далбааг хийж байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажлыг долдугаар сарын 10-нд нээнэ.

Үүнтэй холбогдуулан цаашдаа төрийн далбааг байрлуулах байршил, мандуулахтай холбоотой журмыг ерөнхийлөгч шийдэж байхаар хуулийн төсөл орж ирсэн" хэмээн хариуллаа. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/314046238408040