Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг "Meedan" технологийн компанийн тусламжтай хөгжүүлсэн бодит мэдээллийг хялбархнаар хүргэх “Асуу” чатбот ашиглалтад орлоо.
Энэ талаар "Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв"-ийн дэргэдэх "Монголын баримт шалгах төв"-өөс өнөөдөр мэдээлэл хийв.
"Meedan" технологийн компани нь сошиал платформоор дамжуулан хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэдээллийг зөв эсэхийг нягтлахад туслах программ юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд "2024 Skoll World Forum"-аар "Нийгмийн шилдэг инновац"-аар шалгарчээ.
"Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв"-ийн тэргүүн Б.Дуламхорлоо "Манай байгууллага болон "Монголын баримт шалгах төв" нь олон улсын "Meedan" технологийн компанитай хамтраад сонгуулийн үеэрх хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилгоор шинэ платформыг танилцуулж байна.
Бидний үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь мэдээллийг цахим орчноос мэдээлэл авахаас гадна олон нийтэд итгэл хүлээхүйц, редакцын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр авах дадал зуршлыг сурталчлах зорилготой.
Энэ хүрээнд "Баримт нэн тэргүүнд Монголд" үндэсний сүлжээг өнгөрсөн оны сүүлээр явуулж эхэлсэн. Олон улсын судалгаагаар худал ташаа мэдээлэл үнэн мэдээллээс зургаа дахин илүү хурдан тархдаг гэсэн тоон баримт бий. Худал мэдээлэлтэй тэмцэхэд сүлжээ хэлбэрээр хэд хэдэн байгууллага нэгдэж ажиллах нь илүү үр дүнтэй байдгийг зөвхөн Монголд гэлтгүй Зүүн Өмнөд Азийн орнуудын туршлагаас харж болно.
Сүүлийн үед орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага сүлжээнд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна.
Манай сүлжээнд нэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтарсан байдлаар цахим орчинд тархаж буй хуурамч мэдээллийн тархцыг бууруулахын зэрэгцээ үнэн, бодит мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр бие биеэ харилцан дэмжих зорилготой.
Олон улсын "Meedan" байгууллагаас хөгжүүлсэн "Check" платформын Монгол дахь хувилбар нь болох "Асуу" чатботыг ашиглаад редакцын бодлого, мэдээ, нийтлэлийн агуулгаа тодорхойлоход нь туслах, олон нийтийг төөрөгдүүлж буй мэдээллийг нэгдсэн байдлаар авах, цаашлаад цаг алдалгүй чатботоор дамжуулан хариулт өгөхөөр ажиллах юм.
Энэ платформоос хэрэглэгчид маань эргэлзэж байгаа зүйлээ асуухад хиймэл оюун ухааны тусламжтайгаар байгаа дата мэдээллийг боловсруулаад тохирох хариултыг өгөх юм.
"Асуу" платформын нээлттэй зэрэгцээд сонгуулийн сурталчилгаа эхлэх хүртэл буюу зургаадугаар сарын 10-ныг хүртэл "Асуу" нэртэй мэдээллийн компанит ажлыг өрнүүлж байна. Энэ хүрээнд цахим орчинд тархаж буй хуурамч мэдээллийг хэрхэн шалгах, улс төрийн зорилготой мэдээлэлд хэрхэн өртөхгүй байх тал дээр олон нийтэд хүргэхээр төлөвлөж буй юм" гэж ярилаа.
Түүний дараа "Meedan" байгууллагын Ази, Номхон далайн хөтөлбөрийн менежер Снеха Александр цахимаар холбогдож мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай "Meedan" байгууллага нь цахим орчноор дамжуулан иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөөх бус технологийн байгууллага.
Гол зорилго нь нийгмийн шилжилт, үймээн самуун, нийтийг хамарсан гамшиг осол, сонгуулийн үеэр иргэдэд зөв мэдээлэл өгөхөд оршдог.
Тухайлбал Мексикийн сонгуулийн ерөнхий байгууллага болон тус улсын хэвлэл мэдээллийн гурван байгууллагатай хамтарч ажиллах төсөл эхлүүлсэн. Мөн Энэтхэгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтраад сонгуулийн үеэрх худал мэдээлэлтэй тэмцэхээр ажиллаж буй юм.
Түүнчлэн Индонез улсад өнгөрсөн хоёрдугаар сард болсон сонгуулийн үеэр чатботыг хэрэглээнд нэвтрүүлсэн туршлагатай. Яг одоогоор Бразил улсад чатботыг ашиглаж байна.
Бид Филиппин улсад "Баримт нэн тэргүүнд" сүлжээний үйл ажиллагааг дэмжихээр ажилласан. Тус улсад ашигласан сүлжээний загварыг хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагууд, хуульчид, судлаачид хамтарсан баг Монголд нэвтрүүлэхээр ажилласныг онцлох хэрэгтэй болов уу.
Монгол хэл дээр анх удаа төсөл хэрэгжүүлээд Монголын "Баримт шалгах төв"-тэй хамтран ажиллаж байгаа нь бидний хувьд онцгой үйл хэрэг гэдгийг хэлье.
Зөвхөн сонгууль гэлтгүй цаашид ч илүү өргөн цар хүрээгээр хамтран ажиллах байх гэж найдаж байна" гэж онцоллоо.
Хурлын төгсгөлд "Баримт шалгах төв"-ийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг "Манай байгууллага дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа эргэлзээтэй 1,000 орчим мэдээллийг шалгасан. Энэ хугацаанд иргэдээс шалгуулахыг хүссэн олон мэдээлэл ирдэг.
Өмнө нь бид иргэдээс ирж буй чатанд хариулах, хэрвээ бидний шалгасан баримт байвал тухайн мэдээллийн линкийг явуулах гэхчлэн их хугацаа зарцуулдаг байлаа. Иргэдээс ихэвчлэн тухайн цаг үед болж байгаа мэдээллийг тодруулахыг хүсдэг. Заримыг нь шалгах боломжгүй мэдээлэл ч их бий.
Харин баримт шалгах үйл явц нь их хугацаа зарцуулдаг тул энэ сүлжээнд орсноороо нийгэмд танигдсан, найдвартай эх сурвалж гэж хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, контент нь бидний дата санг өргөжүүлснээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжтой" гэсэн юм.
Манай улсын иргэдийн дийлэнх нь Facebook-ээр мэдээллээ авдаг тул чатботыг ашиглаж иргэдийн асуултад хариулт өгөхөөр сонгосон гэдгээ зохион байгуулагчид онцолсон. Ингэснээр "Баримт шалгах төв"-ийн 1,000 орчим материалаас таны асуултад тохирсон сэдвийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар ялгаж гаргах, түүнчлэн тус сүлжээнд бүртгүүлснээр шинэ баримт мэдээллийг долоо хоногийн Лхагва, Баасан гарагт хүлээн авах боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!