Уншиж байна ...

2009 оноос хойш мэндэлсэн иргэдэд тамхи худалдахыг хориглох хуулийн төсөл Британийн парламентад хэлэлцэгдэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их Британийн ерөнхий сайд Риши Сунакийн санаачилсан тамхины эсрэг хатуу хуулийн төсөл Мягмар гарагт тус улсын парламент дээр эхний даваагаа давжээ.

“The Tobacco and Vapes Bill” нэртэй энэ хууль батлагдвал 2009 оноос хойш төрсөн тус улсын бүх иргэдэд тамхи худалдах хориотой болох юм. Өөрөөр хэлбэл энэ оноос өмнө мэндэлсэн хүмүүстэй хамт тамхи татах гэдэг хорт зуршил устаж алга болох ажээ.

Хүн амынхаа нэг үеэс эхлэн тамхийг таслан хориглох ийм хатуу хуулийг өмнө нь Шинэ Зеландад баталж байсан ч сонгуулиар байгуулагдсан шинэ засгийн газар энэ онд хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгож байв.

Британийн парламентын 383 гишүүн шинэ хуулийн төслийг дэмжиж, 67 нь эсэргүүцжээ. Ингэснээр дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжих боломжтой болж байна.

Риши Сунакийн санаачилсан хуулийн төслийг өөрийнх нь Консерватив намын олон гишүүн эсэргүүцэж байгаа. Тухайлбал ерөнхий сайд асан Лиз Трасс, Борис Жонсон нар иргэдийнхээ яаж амьдрах эрх чөлөөнд төр халдаж болохгүй гэж үзэж байна.

Хуулийн төслийг эсэргүүцсэн 67 гишүүний 57 нь эрх баригч Консерватив намын гишүүд байжээ.

Сунак санаачилсан хууль нь хэрэгжвэл “эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, нас баралтын урьдчилан сэргийлэх боломжтой хамгийн том шалтгааныг арилгана” гэж тайлбарлаж байгаа.

2022 оны байдлаар Их Британийн насанд хүрсэн хүн амын 13 хувь буюу 6.4 сая хүн тамхи татдаг гэсэн тоо бий.

Энэ нь 18-23 хувьтай байдаг Итали, Герман, Франц зэрэг Европын бусад улсуудаас бага үзүүлэлт юм.

Судлаачдын тооцоолсноор жил бүр тус улсад 80,000 хүн тамхитай холбоотой эрүүл мэндийн шалтгаанаар нас бардаг байна. Үүнээс ч олон тамхинаас үүдэлтэй өвчлөл гардаг.

Британийн олон нийт ч тамхийг хориглохыг дэмжиж байгаа.

YouGov байгууллагын явуулсан судалгаанд оролцогчдын гуравны нэг нь үе шаттай хориглохыг, 30 хувь нь нэг зэрэг бүх хүмүүст худалдаалахыг хориглохыг дэмжсэн бол дөрөвний нэг нь аливаа хоригийг эсэргүүцжээ.

 

Эх сурвалж: BBC