Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Украины дронууд Татарстанд довтолсон нь Оросын нутаг дэвсгэрийн хамгийн гүнд хүрсэн тохиолдол боллоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Татарстаны Елабуга дахь дроны үйлдвэрийн барилга

Өчигдөр Украины дронууд Татарстан дахь Оросын хамгийн том газрын тосны үйлдвэрүүдийн нэг болон нисгэгчгүй онгоцны үйлдвэрт довтолсон тухай албаныхан мэдээллээ.

Энэ нь хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж буй дайны турш Украины дронууд Оросын нутаг дэвсгэрийн хамгийн гүнд хүрсэн тохиолдол юм.

Елабуга, Нижнекамск хотуудын дэргэд оршдог дээрх байгууламжууд нь Украины хилээс 1,200 орчим километр зайтай оршдог.

Довтолгооны үеэр 12 хүн шархадсан тухай Татарстаны албаны эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн саруудад Украины дронууд Оросын газрын тосны үйлдвэрүүдэд өгөх цохилтоо эрчимжүүлээд байгаа.

Украины мэргэжилтнүүд нисгэгчгүй онгоцныхоо хүрэх зайг улам уртасгаж байгаа нь фронтын шугам дээрх дутуугаа нөхөх боломж олгож байна.

Татарстаны Елабуга хотын ойролцоох дроны үйлдвэрт алсын зайнаас амжилттай довтолсноо Украины аюулаас хамгаалах албаныхан мэдээлжээ.

Татарстан бол Оросын хамгийн их аж үйлдвэржсэн бүс нутаг бөгөөд Ираны Шахед дроныг энд үйлдвэрлэдэг болсон гэх мэдээлэл бий.

Үүнээс гадна Нижнекамс хотын ойролцоох газрын тос боловсруулах үйлдвэрт довтолжээ.

Гэхдээ Татарстаны албаныхан аль аль үйлдвэрүүдийн үйл ажиллагаа Украины цохилтын улмаас тасалдаагүй гэж мэдээлж байна.

“Манай армийнхан ийм аюул заналыг багасгаж, цаашлаад бүрмөсөн устгахаар ажиллаж байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлжээ.

Өнгөрсөн онд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улс 700 км хүртэл зайд цохилт өгөх чадвартай дрон үйлдвэрлэдэг болсныг мэдэгдэж байв.

Дараа нь Украины дижитал хувиргалтын сайд Михайло Федоров тус улсын засгийн газар хамгийн орчин үеийн дроны армитай болохоор ажиллаж байгаа, энэ хүчин чармайлтын үр дүн оны сүүлээр тодорхой болох тухай ярьж байжээ.

Тэр бас Украин улс 2023 оны турш 10,000 дроны нисгэгч шинээр бэлдсэнийг энэ үеэр мэдээлсэн юм.

Үүнээс гадна Украин улс тэнгисийн дроны технологио хурдтай сайжруулж, Оросын Хар тэнгисийн флотод ихээхэн хохирол учруулаад байгаа.

Үр дүнд нь Оросын эрх баригчид флотын удирдлагадаа халаа сэлгээ хийж эхлээд байна.

Өчигдөр тэнгисийн зэвсэгт хүчний командлагчаар адмирал Александр Моисеевыг томилох шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч Путин гаргажээ. Бас Хар тэнгисийн флотын өмнөх командлагч Виктор Соколовын оронд дэд адмирал Сергей Пинчукыг томилсон байна.

 

Эх сурвалж: Associated Press