УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр гаалийн татварыг чөлөөлөх зөв эсэх талаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдын хооронд мэтгэлцээн өрнөв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: 66 жилийн түүхтэй манай улсын газар тариалан эдийн засгийн хувьд үр ашиггүй гэдэг. Учир нь төр татвар төлөгчдийн мөнгөөр орлогыг нь нэмэгдүүлж авч явдаг.
Гэхдээ ОХУ эдийн засгийн хоригт орчихсон. Өнгөрсөн жил 180 сая тонн улаан буудай авсан ч борлуулалт хийж чадахгүй байгаа. Монголын гурван сая хүний хэрэглээ жаахан хэсэг нь байх.
Энэ дайн хэдэн он хүртэл үргэлжлэх вэ. Түүний дараа гурилын үнэ өнөөдрийн хэмжээгээрээ ОХУ-д байж чадах эсэхийг судалж үзсэн үү. Монгол гурилыг амт чанартай гэж би ойлгодог.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Бид гурилын импортын татварыг тэглэх асуудлыг хэлэлцэж байна. Ямар нэгэн байдлаар Орос, Украины дайны асуудлыг хэлэлцүүлээгүй. Импортын гурил зөвхөн ОХУ-аас орж ирэхгүй.
Засгийн газар ямар нэгэн байдлаар үнэ тогтоохгүй. Гурилын импортын татварыг тэглэхтэй холбогдуулан экспортод тавигдсан хоригийг нээж өгнө.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Урд хөршид гурилын импортын татвар 67, хойд хөршид 90 хувьтай байна.
Европын холбоонд 7,200 бүтээгдэхүүн "GSP+" хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний тарифын хөнгөлөлт эдэлдэг. Ийшээ гурилын бүтээгдэхүүнээ экспортлох талаар Засгийн газар бодсон уу?
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Гурилын импортын татварыг тэглэх асуудлыг дагаад экспортод тавигдсан хоригийг нээж өгнө.
Импортын татварыг тэглэж байгаа нь дотоодын гурил, тэжээл дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж өгч буй зүйл гэж тайлбарлаж болно.
Өнгөрсөн долоо хоногт Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хурал болж 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг чөлөөлөх, хөнгөлөх талаар яригдсан.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Зудын нөхцөл байдлын үед тэжээлийн үнийг чөлөөлөхийг ойлгож байна. Гурил асуудал үүснэ. Хугацаагүй гэж ярьж байгаа нь эрсдэл дагуулна.
Бид ямар зах зээлээс эрчим хүч, бензиний хараат билээ. Одоо гурилаар хараат боллоо. Хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлыг танилцуулсан, гарсан шийдвэр байна уу?
Ерөнхийлөгч хүнсний хувьсгал гээд нэг их наяд төгрөгийн зээлийг яриад явж байгаа. Тэгэхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүнтэй асуудлаа ярьсан уу. Өрсөлдөөнийг дотооддоо ярьж болохгүй юм уу?
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Дэлхийн зах зээлээс гурав дахин үнэтэй зарагдаж буй гурилын үнийг буулгах ажлыг Засгийн газар хийх гэж байна. Ард түмнийг өндөр үнэтэй гурил идээд сууж бай гэдэг агуулгаар та хэлчих шиг боллоо.
Энэ хурлын дараа хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Тариаланчид тариагаа тарина. Үнийн эрсдэлийг Засгийн газар бодлогоор зохицуулалт хийнэ. Гурилын үнэ бууна. Дагаад инфляц, арилжааны банкны зээлийн хүү нэг оронтой тоонд буурна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!