Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Ажилтнууд болон үйлчлүүлэгчдэдээ ээлтэй эмнэлэг болохыг зорин ажиллаж байна”

ikon.mn
2024 оны 3 сарын 6
ikon.mn
зураг
 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №24

“Дархан Детект” нэгдсэн эмнэлэг

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

“Хүн нэг бүрийн онцлог, нөхцөл байдалд тохируулан ажлын байрны тохируулга хийдэг”

зураг
 
`Дархан Детект` эмнэлгийн дарга С.Удвал /баруун гар тал/, Угаалга хариуцсан ажилтан Г.Одончимэг /баруун гар талаас хоёр дахь/, Эмэгтэйчүүдийн эмч Б.Дөлгөөнхэрлэн /зүүн гар талаас хоёр дахь/, Хүний нөөцийн менежер Б. Халиун нар

Г.Одончимэг /тулгуур эрхтний бэрхшээлтэй/ нь эмнэлгийн угаалгын хэсэгт ажилладаг

зураг
 
“Дархан Детект” эмнэлэг нь одоогоос 13 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд ЭМД-ийн хөнгөлөлттэй үйлчлэх эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн байгууллага юм. /зургийг тус эмнэлгээс авав/

“Дархан Детект” эмнэлэг нь нийслэлийн зүүн хэсэг Баянзүрх дүүрэгт байрладаг бөгөөд анх цэргийн анги байрлаж байсан барилгыг эмнэлгийн зориулалтаар засаж тохижуулан 2011 онд үүд хаалгаа нээжээ.

Нийт 9 чиглэлээр үзлэг оношилгоо хийдэг бөгөөд тоног төхөөрөмжийн хувьд бүрэн хангагдсан, 35 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий нэгдсэн эмнэлэг юм.

Тус эмнэлгээр найман настай балчраас наян настай буурал хүртэл бүхий л насны хүн үйлчлүүлдэг бөгөөд ЭМД-ын хөнгөлөлттэй үйлчилдэг учраас Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлийн бусад дүүрэг, хөдөө орон нутгаас ч ирж үйлчлүүлэх нь бий.

зураг
 
Г.Одончимэг /баруун хөл нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй/ нь тус эмнэлгийн угаалгын хэсэгт ажилладаг. /зургийг 2023 оны 11-р сард авав/

“Дархан Детект” эмнэлэгт хөгжлийн бэрхшээлтэй нийт хоёр ажилтан ажилладаг.

Баруун хөл нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй Г.Одончимэгийн ажлын өрөө нь эмнэлгийн B1 давхарт байрлах ба долоо хоногт 6 өдөр ажилладаг. Мягмар, баасан гарагт угаалга, хатаалга хийж, харин даваа, лхагва, пүрэв гарагуудад индүүдлэг хийдэг байна. Тэр Баянхонгор аймагт мал маллаж байгаад 2022 онд нөхөр, охины хамт Улаанбаатарт шилжиж иржээ. Нэг өдөр нутгийн хүнээсээ “Дархан Детект” эмнэлгийн ажлын зарыг мэдэж, улмаар ажилд орох хүсэлт гаргажээ.

зураг
 
“Ажилдаа дуртай” гээд инээмсэглэн зогсох Г.Одончимэг /зургийг 2023 оны 11-р сард авав/

Анх удаа байгууллага, хамт олон дунд орж ажиллаж байгаа ч түүнд хэцүү зүйл байгаагүй гэнэ.

Г.Одончимэг: “Намайг хөл муутай болохоор манай нөхөр ажил хийгээд дэмий юм биш үү гэдэг. Гэхдээ ажил хийвэл дасгал хөдөлгөөн ч болно, хамт олон маань ч сайхан хүмүүс байдаг болохоор огтхон ч хэцүү бишээ гэж нөхөртөө хэлдэг. Намайг итгэж найдаад ажилд авсан байхад харин ч хичээж ажиллах юм сан гэж боддог” гэсэн юм. 

Дотрын эмчээс эмнэлгийн дарга болжээ

зураг
 
“Дархан Детект” эмнэлгийн дарга, их эмч С.Удвал. /зургийг 2023 оны 11-р сард авав/

Бидний дээр танилцуулсан Г.Одончимэг болон бусад хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг ажилд авсан хүн бол тус эмнэлгийн дарга С.Удвал юм. Тэр АШУҮИС-ийг төгссөнийхөө дараа Улсын 2-р төв эмнэлэгт хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, дотрын тасагт ажиллаж байгаад Японы Точиги мужийн Жичи анагаахын их сургуулийн ахисан төвшний сургуульд элсэн суралцаж, бараг өдөр бүр судалгааны өрөөнд өнжсөний эцэст докторын зэрэг хамгаалж чаджээ. Улмаар сургуульдаа 1 жилийн хугацаатай пост доктороор ажилласныхаа дараа Монголдоо буцаж иржээ. Монголдоо ирээд Дэлхийн банкны санхүүжилттэй “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-д мэргэжилтэн, “Жигүүр Гранд” группийн “Грандмед” эмнэлэгт тус тус ажилласан байна.  

2019 онд С.Удвал эмчид нэгэн найзаас нь ““Дархан Детект” эмнэлэгт даргаар ажиллахгүй биз?” гэсэн санал иржээ. Тус эмнэлэг нь санал тавьсан найзынх нь аавын байгуулсан эмнэлэг байв.     

Эмнэлгийн дарга болсноор мэргэжлийн ажлаа хийхийн сацуу хамт олныг удирдан ажиллах менежментийн чадвар түүнд шаардлагатай болжээ.

С.Удвал дарга: “Том эмнэлэгт ажилладаг байхад ажлаа багаараа хувааж хийдэг, ямар нэг асуудал гарсан тохиолдолд асууж зөвлөх хүн ч олон байсан. Харин одоо бол эмчийн ажлынхаа хажуугаар санхүү тооцооноос эхлээд хүний нөөцийн асуудлаа хүртэл голлон шийдэх шаардлагатай болсон” гэв. Тэр үргэлжлүүлэн “Ковидын цар тахлын үед эмч, ажилтнууд маань халдвар авах, хонож ажиллах өдрүүд ч олон байсан. Манай эмнэлгийн хувьд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг бөгөөд ЭМД-аар үйлчилдэг учраас даатгалын санхүүжилтийн шалгуур, хяналт, статистик дүн бүртгэл, тайлангаа нэгтгэж улсад мэдээлэх гээд олон ажил байдаг учраас эмнэлгийн дарга гэдэг маш их хариуцлагатай ажил юм гэдгийг ойлгож мэдэрч байна” гэсэн юм.

зураг
 
Тус эмнэлгээр бүхий л насны хүмүүс үйлчлүүлдэг. /зургийг тус эмнэлгээс авав/

С.Удвал дарга сүүлийн үед анхаарал хандуулж байгаа зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт юм.

Түүнийг тус эмнэлэгт даргаар ирэхэд нэг ч хөгжлийн бэрхшээлтэй ажилтан байгаагүй гэнэ. Харин өмнө нь ажиллаж байсан “Грандмед” эмнэлэгт сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй ажилтан байсан ба тэр ажилтантай харилцаж сурахын тулд амралтын өдрөөрөө “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо” дээр зохион байгуулагддаг дохионы хэлний сургалтад сайн дураараа хамрагдаж байжээ.

С.Удвал дарга: ”Тохируулга хийх гэдэг заавал их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан зүйл биш санагдсан. Жижиг гэлтгүй өөрчлөлт тухайн хүний хувьд ажлыг хөнгөвчлөх тохиолдол байдаг. Манай эмнэлэг тийм ч том эмнэлэг биш болохоор харьцангуй ажилтан нэг бүрийн нөхцөл байдал, онцлогт тохируулан зохицуулалт хийх боломжтой байдаг” гэсэн юм.

зураг
 
Эмнэлгийн ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгчдийн хоолыг хийдэг гал тогооны багийнхан . /зургийг 2023 оны 11-р сард авав/

С.Удвал дарга 2023 оны 10-р сард зохион байгуулагдсан DPUB2 төслийн “ААНБ-уудад нөлөөлөх нөлөөллийн семинар”-т хамрагдсанаар манай төсөлтэй холбогдсон юм.

С.Удвал дарга: “DPUB2-ийн сургалтаас зохистой тохируулга, зохицуулалт хийж чадвал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бэрхшээлгүй хүмүүсийн нэгэн адил ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой гэдгийг олж мэдсэн. ХБХХЕГ-ын хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ejob” платформын талаар ч мэдэж авсан. Хүний нөөцийн ажилтандаа тус платформын талаар танилцуулж, ажлын зараа байршуулснаар эх барих эмч мэргэжилтэй, нугасны гэмтэлтэй Б.Дөлгөөнхэрлэн эмчийг 2023 оны 11-р сараас мэргэжлийн ажилд нь авсан” хэмээн ярьсан юм.

Эмнэлгийн бүх ажилтнууд хамтран таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна

зураг
 
“Дархан Детект” эмнэлэг нь нийт 9 чиглэлээр үзлэг эмчилгээ хийдэг. /зургийг тус эмнэлгээс авав/

“Дархан Детект” эмнэлэг нь магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг учраас эмч, ажилтнуудаа сургалтад хамруулж, байгууллага дээрээ тогтмол сургалт зохион байгуулдаг. С.Удвал дарга DPUB2 төслийн сургалтын үеэр олж мэдсэн зүйлээ ажилтнууддаа мөн сургалт байдлаар орсон байна.

Жилийн өмнөөс “Дархан Детект” эмнэлэгт Хүний нөөц, санхүү хариуцсан менежерээр ажиллаж байгаа Б.Халиун хөгжлийн бэрхшээлийн талаар анх удаа С.Удвал даргын сургалтаас олж мэдсэн гэнэ.

Б.Халиун: “Хүн тус бүрд тохирсон ажлын орчин бүрдүүлэхийн тулд яах хэрэгтэй талаар хамт олноороо байнга ярилцдаг болсон. Жишээлбэл, тулгуур эрхтний бэрхшээлтэй Г.Одончимэгийн тухайд эмнэлгийн даргатай зөвлөлдсөний үр дүнд шат бага хэрэглэдэг, давхраас давхарт шилжих шаардлагагүй ажилд томилох нь зөв гэж үзээд угаалгын хэсэгт ажиллуулахаар болсон. Миний хувьд өмнө нь суга таягтай юм уу тэргэнцэртэй хүнийг л хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж боддог байсан. Гэхдээ гаднаас нь хараад мэдэгддэггүй маш олон бэрхшээл байдаг тухай сургалтаас олж мэдсэн. Цаашид ч гэсэн энэ талын мэдлэгээ улам нэмэгдүүлж, хүн нэг бүрийн ажиллах таатай орчин бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ажиллах хүсэлт ирвэл манай хамт олон баяртай хүлээж авах болно” гэж ярьсан юм.

зураг
 
“Дархан Детект” эмнэлэг нь 35 ор бүхий хэвтэн эмчлүүлэх тасагтай. /зургийг тус эмнэлгээс авав/

“Дархан Детект” эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд ч таатай эмнэлэг болохыг зорьж, орчны тохируулгуудыг сайжруулахаар ажиллаж байна. Тус эмнэлгийн барилга нь цэргийн анги байсан учраас налуу зам байхгүй, ариун цэврийн өрөө хүртээмжгүй хийгдсэн учраас тэргэнцэртэй иргэд болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдаг байна. Одоо тус эмнэлэгт өргөтгөл засварын ажил хийгдэж байгаа бөгөөд дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэх үүднээс налуу зам хийх, орох хаалгыг автоматжуулах, цахилгаан шат шинээр хийх зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа ажээ.

Өргөтгөл, засварын ажил дуусахыг хүлээлгүй одоогийн байгаа боломж бололцоогоо ашиглан, гадна хаалгандаа тэргэнцэртэй хүмүүст зориулан хонх суурилуулах зэргээр жижиг гэлтгүй өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Хонх суурилуулснаар эмнэлгийн ажилтнууд тэргэнцэртэй хүмүүст гарч ороход нь туслах боломжтой болох юм. “Өргөтгөл, засвар хийж, хүртээмжийг сайжруулах нь мэдээж чухал ч гэсэн бага, жижиг гэлтгүй өөрсдийн чадах зүйлээсээ хийж эхэлье гэсэн хандлага, санаачилга манай хамт олноос ажиглагдах болсонд баяртай байгаа” гэж С.Удвал дарга ярьсан юм. Мөн тэр “Манайхаар үйлчлүүлдэг хүмүүсийн дунд тулгуур эрхтэн болон сонсгол, оюуны бэрхшээлтэй, унаж татдаг гэх мэт төрөл бүрийн бэрхшээлтэй хүн байдаг. Сувилагч нар болон хамт ирсэн хүмүүсээр нь туслуулах, сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй бол бичгээр харилцах гээд аль болох боломжийг ашиглан үзлэг эмчилгээгээ хийдэг” гэж нэмж хэлэв.

зураг
 
С.Удвал дарга /зүүн гар тал/ дотрын тасгийн сувилагч Н.Нарангэрэлийн хамт /зургийг 2023 оны 11-р сард авав/

“Дархан Детект” эмнэлгийн хамт олон тухайн хүний онцлог, нөхцөл байдалд тохируулан дор бүрдээ өөрийн чадах зүйлээ хийж, сэтгэл тавьж ажилладаг нь тэдний ярианаас мэдрэгдэж байв. “Би ганцаараа хэчнээн хичээгээд ажилтнуудын маань хэн нэг нь урам зориггүй байх ч юмуу ажилдаа ирэхгүй болоход эмнэлгийн маань үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тийм учраас ажилтнуудтайгаа ойр байж, юу нь болж байна, юу нь болохгүй байна, ямар байдлаар ажилламаар байна гэх зэргээр эхнээсээ нээлттэй ярилцаж, харилцан ойлголцох нь чухал санагддаг” гэсэн С.Удвал даргын баримталдаг зарчим бүх ажилтнуудад хүрч, тус эмнэлэгт халуун дулаан уур амьсгал бүрдсэн гэлтэй. “Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран энэ эмнэлэгт орж ажилласандаа баярлаж, өдөр бүр ажилдаа яарч ирдэг тийм л эмнэлэг болгохын төлөө ажиллаж байна.” гэж С.Удвал дарга ярианыхаа төгсгөлд хэлсэн юм. “Ажилтнууд нь сэтгэл хангалуун бол үйлчлүүлэгчид ч сэтгэл хангалуун байдаг” гэсэн үйлчилгээний байгууллагын гол зарчмыг тус эмнэлэг хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ.   

“Дархан Детект” эмнэлгийн үйл ажиллагаанаас хүнд ээлтэй нийгмийг бүтээхийн төлөө орчны саадыг арилгахын зэрэгцээ байгууллагын дүрэм болон өдөр тутмын үйл ажиллагаандаа жижиг гэлтгүй сайжруулалтуудыг хийх нь чухал болохыг харж болно. Тус эмнэлэг нь эмч, ажиллагсдадаа тогтмол сургалт зохион байгуулж,  харилцан мэдээллээ солилцон, ажиллагсад төдийгүй үйлчлүүлэгчдэдээ ч ээлтэй эмнэлэг байхын төлөө олон зүйл хийж хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь DPUB2 төслийн зорилго, чиглэлтэй ч мөн нийцэж байгаа юм. Ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах тэргүүн шугаман дээр ажилладаг эмнэлгийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах нь иргэдийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт сайжрахад томоохон нөлөө үзүүлэхийн зэрэгцээ тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгоход эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

【Байгууллагын мэдээлэл】

Байгууллагын нэр

“Дархан Детект” эмнэлэг

Үйл ажиллагааны чиглэл

Нэгдсэн эмнэлэг

Ажиллагсдын тоо

Нийт 27 ажилтан/2024 оны 2-р сарын байдлаар/

ХБ-тэй ажиллагсдын тоо

Нийт 3 ажилтан/2024 оны 2-р сарын байдлаар/

ХБИ ажилд авсан шалтгаан

  • Уламжлалтын их эмч: Танилын шугамаар
  • Угаалга хариуцсан ажилтан: Танилын шугамаар
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмч: E-job платформ

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

  • ХБИ-ээс ажилд орох хүсэлт ирвэл тухайн хүний бэрхшээлийн онцлогт ямар ажил тохирох тал дээр удирдлага, хүний нөөцийн түвшинд ярилцаж шийддэг.
  • Долоо хоногт нэг удаа эмнэлгийн нийт эмч, ажиллагсдад  зориулсан сургалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцдог.
  • Орчны тохируулгуудыг сайжруулахын зэрэгцээ жижиг гэлтгүй тохируулгуудыг хийдэг.

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222