Уншиж байна ...

Б.Цэрэндолгор: Өсвөр нас бол өөрийнхөө юунд дуртайг мэддэг болох хэсэгхэн хугацаа учраас жаргалтай өнгөрүүлээсэй

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 3 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс ХНХЯ, Монголын сайн дурынхны төв, “Goodneighbors” Олон Улсын байгууллагатай хамтран “Because i am a girl” охидын эрхийн чуулганыг өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёлын ордонд зохион байгуулав.

Тус чуулган нь охидын нийтлэг эрхийг баталгаажуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар тэдгээрийн дуу хоолойг бодлого боловсруулагчид, хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэх зорилготой аж.     

Баянзүрх дүүргийн 500 охин оролцсон энэхүү чуулганд дүүргийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Э.Номин-Эрдэнэ, мөн дүүргийн Хүүхдийн элч “Positive Mongolians” төслийг санаачлагч Э.Дөлгөөн, “Good neighbors” Олон Улсын байгууллагын сэтгэл зүйч Ч.Нямхүү,  Эрх зүйч, загвар өмсөгч Б.Гүнзаяа нар Because i am a girl, Охидын манлайлал, Хандлагын хүч, Миний хайртай би зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлжээ.

зураг
 

Чуулганд оролцогчдын төлөөлөл болох загвар өмсөгч Б.Цэрэндолгор хэлэхдээ "Өсвөр насны хүүхдүүд "би бусдаас өөр гэдэг" бодлоос зайлсхийдэг байгаасай, бүх хүн энэ үеийг туулдаг гэдгийг мэддэг байгаасай гэж хүсдэг. Мөн өсвөр нас бол хүн өөрийнхөө юунд дуртайг мэддэг болох хэсэгхэн хугацаа учраас жаргалтай өнгөрүүлээсэй гэж хүсэж байна" гэлээ. 

Монгол Улс 1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон бөгөөд 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталж хүүхэд хамгааллын тогтолцоо, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлсон. Хүүхдийн эрх тэр дундаа хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хүний үндсэн эрхийн нэг бөгөөд энэхүү эрхийг нийгмийн бүхий л орчинд хангах нь хүүхэд, өсвөр үеийн чадавхад, нийгмийн хөгжилд эергээр нөлөөлнө хэмээн тодорхойлсон байдаг.

1995 онд 200 гаруй орон оролцсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV чуулганаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг “хүний эрх” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч “Бээжингийн Тунхаглал ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэлхий дахинаа тунхаглан баталсан билээ. Бээжингийн Тунхаглал нь охидын эрх гэсэн хэллэгийг анх дурдсан Тунхаглал юм.

Энэхүү Тунхаглалын үр дүнд жил бүр илүү олон охид сурч боловсрох эрхээ эдэлж, олон охид бага насандаа хүчээр гэрлэхээс татгалзаж чадаж байна.

Мөн өсвөр үеийнхэн боловсролын систем дэх тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, уур амьсгалын өөрчлөлт болон өөртөө итгэх итгэл, өөрийнхөө хувийн орон зай, эрх мэдэлд халдсан гэмт үйлдлүүдийн эсрэг нэгдэн тэмцэж эхэллээ. 

НҮБ-ын судалгаагаар 15 хүртэлх насны хүүхдүүдийн 49 хувь нь гэр бүлийн орчинд хатуу ширүүн шийтгэлийг амсаж байна. Мөн интернэтийн хүртээмж нэмэгдэж буйтай холбогдуулан цахим орчинд хүүхдүүд тэр дундаа охид зохисгүй контентод өртсөөр, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болсоор байна.