Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Холбооны генсекийн алдаанаас болж тамирчид хохиров

Б.Манлай
2024 оны 3 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн амралтын өдрөөр Италийн Бусто-Арсицио хотод "Парис 2024" олимпын эрх олгох эхний тэмцээн нээлтээ хийсэн юм. Нийт 113 орны 602 боксчид олимпын 49 эрхийн төлөө өрсөлдөхөөр цугларсан.

Харамсалтай нь энэ тэмцээнд манай боксчид оролцоогүй. Уг нь тамирчид олимпын эрхийн төлөө бэлтгэлдээ хоёр сарын өмнө гарч Унгар, Германд хамтарсан бэлтгэл хийж энэ хугацаанд хоёр ч олон улсын тэмцээнд оролцсон билээ. 

Эх сурвалжаас уг асуудлаар лавлахад "Тамирчид Италид очсон ч мэдүүлгээс хоцорсон тул хасагдсан" гэх хариу өглөө. Харин боксын холбооноос энэ талаар лавлахад ямар нэг хариулт өгөхөөс татгалзав.

Олимпын эрх авахын тулд боксчид тивийн АШТ-д амжилттай оролцож медаль хүртсэн байх ёстой. Одоогоор Монголоос олимпын хоёр эрх авсан. Тодруулбал эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн, эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Б.Чинзориг нар эрхээ баталгаажуулсан билээ. 

Тэгвэл үлдсэн тамирчид олимпод оролцохын тулд хоёр тэмцээнийг хүлээж байв. Эхнийх нь Италид болж буй бол сүүлийнх нь Тайландын Бангкок хотноо ирэх тавдугаар сард болно.

Шигшээ багийн тамирчид Герман дахь бэлтгэлээ дуусгаад Италид очсон ч мэдүүлэгт багтаагүй гэдгээ сүүлд нь мэджээ. Манай тамирчид буудалдаа байрлаж байгаа ч мандатгүй тул тэмцээн болж буй заал руу ч орох эрхгүй байна. Шигшээ багийнхан гуравдугаар сарын 13-ныг дуустал Италид байрлах юм. 


Уг нь тус тэмцээний мэдүүлэг авах сүүлийн хугацаа нэгдүгээр сарын 19-нд байжээ. Гэтэл энэ үеэр холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасан шалтгаангүй алга болсон тул холбооноос эрэл сурал болсон байна. Хэсэг хугацааны дараа түүнийг олж уулзсан ч мэдүүлэг авах сүүлийн хугацаанаас хоцорсон юм. Нэгэнт хоцорсон тул мэдүүлгээ явуулах гэж оролдсон ч тэмцээн зохион байгуулагчид нь хүлээж авсангүй. 

Өөрөөр хэлбэл мэдүүлэг бүр явуулаагүй болж таарч байна. 

Харин хэргийн эзэн Ц.Батнасан мэдүүлэг хоцроосноо нуун дарагдуулсан нь байдлыг улам хүндрүүлэв. Хоцроосноо эрт мэдэгдсэн бол тамирчид Италийг зорих шаардлагагүй байлаа. 

Баттай эх сурвалжийн мэдээлснээр уг асуудлыг мэдсэн даруйдаа холбооны тэргүүн У.Баатар ажлаа өгчээ. Түүний оронд тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан В.Ганзориг албанд очсон бөгөөд тэмцээн зохион байгуулагчдад хандив өгч, Монголын тамирчдын мэдүүлгийг оруулж өгөхийг хүссэн ч тус болоогүй байна.

Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ), түүний дэргэдэх үндэсний шигшээ багийн алба болон Монголын боксын холбооноос хоёр сарын бэлтгэл сургуулилалт, байрлах байр, хоол унд, замын зардалд багагүй мөнгө зарцуулсан. Энэ талаар БТСУХ-ноос тодруулахад ямар нэг хариулт өгсөнгүй. 

Ямартай ч Германд баг тамирчид хамтарсан бэлтгэлд хамрагдахад нэг тамирчны зардалд 2,000 евро зарцуулсан юм. Ингээд бодоход л багагүй мөнгө гаргасан нь тодорхой юм. 

Уг нь манай тамирчдын форм маш сайн яваа. Италийн тэмцээнээс эхний гурван байрт орсон тамирчид олимпын эрхээ авна. Шигшээ багийн хувьд энэ тэмцээнээс гурван эрх авах боломжтой гэж таамаглаж байлаа. Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд эрхээ авч чадаагүй дэлхийн шилдгүүд цугларна. Энэ хэрээр манай тамирчдын боломж багасна.