Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эсрэг зарласан АНУ-ын шинэ хориг арга хэмжээнд 500 гаруй хувь хүн, байгууллага хамрагдлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Украины дайны хоёр жилийн ой, сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн үхэлтэй холбогдуулан АНУ-ын засаг захиргаа өчигдөр Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ зарлалаа.

Уг хоригт 500 гаруй хувь хүн, байгууллага хамрагджээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин “гадаадад түрэмгийлж, дотооддоо хэлмэгдүүлсний төлөө улам их үнэ төлөх болно” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.

Хоригт Оросын төлбөр тооцооны Мир систем, банк санхүүгийн байгууллагууд, зэвсгийн аж үйлдвэр, хоригоос зайлсхийхэд тусалдаг байгууллагууд, ирээдүйн эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг салбарууд багтжээ.

Мөн Навальныйн үхэлтэй холбогдуулан Оросын шоронгийн захиргааны албан хаагчдыг “хар жагсаалт”-даа нэмсэн байна.

АНУ-ын засаг захиргааны шинэ хориг арга хэмжээ Оросын язгуур ашиг сонирхолд халдсан ч Москвагийн эрх баригчид үүнийгээ үргэлжлүүлэн хамгаалахыг Вашингтонд суугаа ОХУ-ын элчин сайд Анатолий Антонов батлан илэрхийлсэн тухай РИА агентлаг өчигдөр мэдээлжээ.

Европын Холбоо, Их Британи өчигдөр бас өөр өөрийн шинэ хориг арга хэмжээг зарласан байна.

Оросын эрх баригчид 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр хөрш Украинд дайн зарласнаас хойш олон арван мянган энгийн номхон иргэд алагдаж, олон арван хот тосгод сүйрээд байгаа.

Баасан гарагт АНУ-ын сангийн яам хориг арга хэмжээнд хамрагдах 300 орчим хувь хүн, байгууллагын нэрсийг зарласан бол төрийн департамент 250, худалдааны департамент 90-ийг нэмж зарласан юм.

Хоригт орсон Оросын төрийн өмчит Үндэсний Төлбөрийн Картын Систем компани нь Мир системийн оператор бөгөөд Украины дайн эхэлсний дараа Өрнөдийн энэ төрлийн компаниуд тус улсын зах зээлээс гарснаар гол тоглогч болоод байгаа. Одоо Оросын иргэд гадаадад зөвхөн Мир картыг төлбөр тооцоонд ашигладаг.

Гадаадын үнэт цаасны арилжаагаар мэргэшсэн Оросын хоёр дахь том хөрөнгийн бирж СПБ Биржийн эзэмшдэг СПБ банк энэ удаагийн хоригт бас орсон байна.

Мөн Оросын зэр зэвсгийн үйлдвэрлэлд ашиглагддаг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг, өмнөх хориг арга хэмжээнүүдээс зайлсхийхэд нь тусалдаг Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират, Казахстан, Лихтейнштэйний компаниудыг хоригоор шийтгэжээ.

АНУ-ын худалдааны департамент Украины дайныг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг Орос, Хятад, Турк, АНЭУ, Киргизстан, Энэтхэг, Өмнөд Солонгосын 93 байгууллагыг худалдааны хоригийн жагсаалтад нэмсэн байна.

Ингэснээр АНУ-аас эдгээр компаниудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглож байгаа юм.

Оросын эрчим хүчний салбарын шинэ төслүүдийг мөн эдийн засгийн хоригоор шийтгэлээ. Тухайлбал Сибирьт хэрэгжиж буй Arctic LNG 2 төсөлд оролцогч байгууллагууд хамрагдсан байна.

Төрийн департаментын зарласан визийн хоригт Оросын шоронгийн захиргааны гурван албан тушаалтан багтжээ. Тэдгээрийн нэг нь Алексей Навальный агсны хоригдож байсан шоронгийн орлогч захирал юм.

Мөн Украины хүүхдүүдийг хүчээр Орос, Беларусь, Крымд нүүлгэн шилжүүлэхэд оролцсон албан тушаалтнууд энэ удаагийн хориг арга хэмжээнд хамрагджээ.

 

Эх сурвалж: Reuters