Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Зэрлэг жимсийг экспортолж болох ч орон нутгийн нийлүүлэгчид амандаа орсон үнэ хэлдэг нь боломжийг багасгадаг"

П.Зоригт, IKON.MN
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жижиг Дунд Үйлдвэр эрхлэгчид бараа бүтээгдэхүүн экспортод гаргахад тулгамдаж буй асуудлынхаа талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд өнөөдөр хэлэлцлээ. 

Хэлэлцүүлэгт Гаалийн Ерөнхий Газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам болон ААН, байгууллагын төлөөллүүд оролцов. 

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлэхдээ "Монголын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээл дээр гаргахад зарим асуудал, саад тулгарч байна.  

Иймд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дэмжиж, экспортолж чаддаг болгох ажлыг үргэлжлүүлж хийх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Тухайлбал Өвөр Монголын Хөх хот, Эрээн хотод нэгдүгээр сарын эхээр "Монголд үйлдвэрлэв" нэртэй дэлгүүрийг нээсэн. Дэлгүүрийн танилцуулгыг хийхэд ямар зах зээлийн боломжууд нөгөө талаар ямар асуудал тулгарч буй Замч ХХК-аас хэлэх байх" гэлээ. 

"Хятадын зах зээлд Монголын бүтээгдэхүүнийг борлуулж байна"

"Замч" ХХК-ийн төлөөлөл хэлэхдээ "Дэлгүүр маань Хөх хотын гол гудамжинд нээгдсэн. 2,200 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулж байна. 

Одоогоор 30 гаруй компанийн 1,000 орчим төрлийн бүтээгдэхүүн орсон. Монголын бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг хийж байгаа.

Экспортлогч компанийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор нэвтрүүлэхэд шаардлагатай бичиг баримт тээвэр, ложистик, оюуны өмч чухал. Хамгийн гол нь манай үйлдвэрлэгч нарын оюуны өмчийн асуудал дээгүүрт тавигддаг. 

Үйлдвэрлэлээ явуулсан хоёр сарын хугацаад харилцагч, худалдан авагч нарын зүгээс маш их саналыг ирүүлж байгаа. Борлуулалтын хувьд өдөр ирэх тусам сайжирч байна. Мөн биднээс хүсэж буй бараа бүтээгдэхүүн их болж буй. Гэвч бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх болоход албан ёсны бичиг баримт бүрдээгүй учраас асуудал тулгарч байна. 

Тиймээс Хятадын зах зээлд Монголын бүтээгдэхүүнийг борлуулах шаардлагатай сургалт, судалгааг явуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна" гэдгээ илэрхийллээ. 

Мөн бусад ААН, байгууллагууд өөрсдийн тулгамдаж буй асуудлыг ярилаа. 

"Нэр томьёоны тодорхой бус байдлаас болж экспорт гацаж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сүү" ХК-ийн Борлуулалтын албаны дарга н.Сүхбат "Экспортоор гаргахад зөвшөөрөгдсөн 18 төрлийн бүтээгдэхүүн дунд сүү, сүүн бүтээгдэхүүн орж байна.

Энэ дотроо малын гаралтай сүүн бүтээгдэхүүн, сэргээсэн сүүгээр хийсэн сүүн бүтээгдэхүүний ангилалтай. Улмаар тодорхой бус байдлаас болж экспорт гацаж байна.

Үүнийг тодорхой болгохгүй бол зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүн гэж үзэхээр тодорхойгүй нөхцөл үүсэж байна" гэв. 

"Нэг үнэ барьж гадаадын зах зээл дээр гэрээ хийх боломж хэцүү"

Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбоо О.Мишээл "Манай компани өөрсдийн нэрсний чанамлыг Солонгосын лабораторид шинжлүүлэхэд асуудал үүсээгүй учраас экспортод гаргаж чадсан. Гэвч ганцхан үнийн инфляцад асуудал үүсэж, тохиролцож чадалгүй, наймаа цааш үргэлжлэх боломжгүй болж байсан.

Бид өөрсдөө нэрсийг тарималжуулдаггүй, зэрлэг нэрсийг хөдөө орон нутгийн нийлүүлэгчдээс худалдан авч байгаа.

Гэвч манай жимс нийлүүлэгчид амандаа орсон үнийг тавьдаг. Тиймээс бидний хувьд үнийг барьж нийлүүлэх боломж багасаж байна. Нэг үнийг барьж гадаадын зах зээлтэй гэрээ хийх боломж хэцүү" талаараа ярилаа.