Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Рагчаадорж: Орон нутгийн их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудыг "Оюутан цэрэг" хөтөлбөрт цахимаар бүртгэнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цэргийн мэргэжил олгох “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл эхлэхтэй холбогдуулан Батлан Хамгаалах Яамны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадоржтой ярилцлаа.

- Энэ удаагийн “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл хэзээнээс хэрхэн явагдах вэ?

-“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй залуусыг эхний ээлжид цахимаар бүртгэнэ. Сүүлийн хоёр жилд төрийн үйлчилгээний "E-Mongolia"-аар дамжуулж цахимаар бүртгэсэн.

Энэ жилийн бүртгэл гуравдугаар сарын 1-11-ний 09:00-17:00 цагийн хооронд явагдана. Өмнөх жилүүдэд зөвхөн нийслэл дэх, дээд сургуулийн оюутнуудыг цахимаар бүртгэдэг байсан.

Энэ удаад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудыг цахимаар бүртгэхээр болсон.

- Оюутнуудад тавигдах шаардлагад өөрчлөлт орсон эсэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Шаардлагын тухайд өнгөрсөн жилүүдийнхтэй адил гэж хэлж болно. Сурлагын голч дүн 2.8-аас дээш, 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан байх ёстой.

Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагсад заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж, бүртгүүлэх юм. Оюутнуудын дүн бусад шалгуурын талаарх мэдээлэл БШУЯ-ны Боловсрол, мэдээллийн төвөөс "E-Mongolia"-д өгөгдсөн байгаа.

БХЯ-наас тогтоосон хяналтын тоондоо тулгуурлаж бүртгэл явагдана. Шаардлага хангаж, бүртгэгдсэн оюутнуудыг эрүүл мэнд, биеийн тамирын шалгаруулалтад оруулна. Шалгаруулалтад тэнцсэн оюутнууд онолын бэлтгэл сургалтад хамрагдаж, нийтдээ 98 цагийн буюу дөрвөн кредит бүхий хууль эрх зүй, цэргийн тактик, тусгай бэлтгэл гэсэн хичээлүүдийг судална.

Хичээл бүрийн шүүлэгт 60-аас дээш оноо авсан оюутнууд эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамрагдсанаар зургаадугаар сарын 15-наас хээрийн сургалтын бэлтгэлд гарах боломж бүрдэнэ.

- “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ жил хэдэн оюутан хамрагдах боломжтой вэ?

- Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү сургалтад өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 7,000 гаруй оюутан, суралцагчийг хамруулж, цэргийн мэргэжил олгон I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна.

Өнгөрсөн жил Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” сургалтад 1,500 оюутан хамруулсан. Энэ жилийн тухай нийслэл Улаанбаатар хот болон 18 аймагт суралцаж байгаа оюутнуудыг хамруулахаар болсон.

Нийт дүнгээрээ 1,000 гаруй оюутан хамрагдах боломжтой. Сургалтыг ҮБХИС, Зэвсэгт хүчний 119 болон хөдөөгийн цэргийн ангиудын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.

 

Эх сурвалж: Батлан Хамгаалах Яам