Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный өчигдөр 47 насандаа шоронд нас барсныг тус улсын эрх баригчид зарласан билээ.
Үүнээс хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улстөрчийн үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг буруутгажээ.
Өчигдөр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Байден “Яг юу болсон талаар бид мэдэхгүй байгаа ч Навальныйн үхэл бол Путин болон түүний дээрэмчдийн хийсэн зүйлийн үр дагавар болох нь эргэлзээгүй” гэж хэлсэн байна.
“Оросын эрх баригчид үйл явдлыг өөрийнхөөрөө тайлбарлана. Гэхдээ нэг зүйлийг үгүйсгэж болохгүй. Навальныйн үхэлд Путин буруутай” гэж тэр нэмж хэлжээ.
Байден бас энэ үйл явдлын дараа Оросын эрх баригчдыг шийтгэх нэмэлт арга хэмжээг төлөвлөж байгаагаа мэдэгдээд Путиний дэглэмийн “авлига”, “хүчирхийлэл”-ийг зоригтойгоор сөрж тэмцсэн талийгаачид хүндэтгэл үзүүлсэн байна.
“Бид ямар арга хэмжээ авч болох талаар судалж байна. Олон тооны хувилбар арга хэмжээнүүдийг судалж байгаа. Яг одоо хэлж чадах зүйл энэ байна” гэж Байден сэтгүүлчдэд мэдээлжээ.
Одоо АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимд Украин, Израиль зэрэг холбоотнуудад үзүүлэх $95 тэрбумын тусламжийн тухай хууль батлагдахаар хүлээгдэж байгаа.
Навальныйг нас барсны дараа төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон “АНУ болон түүний холбоотнууд Путиний Украинд явуулж буй дайн болон Балтийн орнуудын эсрэг түрэмгийллийг санхүүжүүлэх боломжийг таслан зогсоохын тулд боломжтой бүх арга хэрэгслийг ашиглах ёстой” гэж мэдэгджээ.
Байден “Төлөөлөгчдийн танхимыг түүх харж байна. Энэ эгзэгтэй цаг мөчид Украины дэмжлэгийг зогсоовол түүх хэзээ ч мартахгүй” гэж анхааруулсан байна.
Өнөөдөр Германы Мюнхенд эхлэх олон улсын аюулгүй байдлын чуулганд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харис оролцож байгаа.
Энэ үеэр тэр Навальныйн эхнэр Юлиятай уулзаж, эмгэнэл илэрхийлэхээр төлөвлөснийг Цагаан ордон мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!