Аргентин улсын шинэ ерөнхийлөгч Хавьер Милей өчигдөр Ромын католик сүм хийдийн тэргүүнтэй Ватиканд уулзжээ.
Ингэхдээ тэр шашны тэргүүнтэй харилцаагаа хэвийн болгоход ихэд анхаарч, эх орноос нь авчирсан нарийн боов, жигнэмэг бэлэглэсэн тухай Ватиканы хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Францис нь Аргентин улсаас тодорсон анхны пап юм.
Либертари эдийн засагч Милей өнгөрсөн онд болсон сонгуулийн турш Ромын папыг элдвээр доромжилж байжээ.
Нэг удаа тэр түүнийг “нийгмийн шударга ёсыг хамгаалдаг тэнэг” гэж хүртэл нэрлэж байв.
Гэвч ерөнхийлөгч болсны дараа Аргентины эдийн засгийг аврах эрс хатуу бодлогоо хэрэгжүүлэхэд нь хүн амын католик шашны консерватив хэсгийн дэмжлэг хэрэгтэй болсон юм.
Францис, Милей нар нэг цагийн турш ярилцсаныг Ватикан мэдээлсэн ч ярианы агуулгын талаар дурдаагүй байна.
Аргентин улс өнөөдөр сүүлийн хэдэн арван жилийн түүхэндээ үзээгүй эдийн засгийн гүн хямралд унаж, инфляц нь 200 хувь даваад байгаа.
Гэвч Милейн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг Аргентины парламент батлахаас татгалзсан юм.
Уулзалтын өмнө Ватиканы суртал номлол хариуцсан албаны хүнээс Милейн сонгуулийн үеэр хэлсэн доромж үгсийн талаар асуухад “Ромын пап бол хүн бүрийг хайрладаг хүн. Тиймээс түүнд хэн нэгэнтэй дайсагналцах шалтгаан байхгүй” гэж хариулжээ.
Мөн Милейн хэлсэн таагүй үгсийг “сонгуулийн кампанит ажлынх нь стратеги” байсан гэж Ромын пап үзэж байгааг тайлбарласан байна.
Буэнос Айресын их хамба асан Францис 2013 онд пап болсноосоо хойш Аргентинд ганц ч удаа айлчлаагүй байгаа.
Тэгвэл өчигдөр Ватиканы албаны эх сурвалж папыг энэ оны хоёрдугаар хагаст эх орондоо айлчилж магадгүй тухай мэдээлжээ.
Гэхдээ айлчлал “маш олон хүчин зүйлээс шалтгаалах” тул баттай хэлэх боломжгүй гэсэн байна.
Хэрвээ энэ айлчлал хэрэгжвэл Хавьер Милейн хувьд томоохон дэмжлэг болох юм.
Өмнө нь пап Аргентины аль нэг улс төрийн хүчинд “ашиглуулах” бодолгүй байгаагаа илэрхийлж байжээ.
Уулзалтын үеэр Милей төрсөн нутгийнх нь амттаны дээжийг Ромын католик сүм хийдийн тэргүүнд бэлэглэсэн тухай Аргентины ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Мануэл Адорни мэдээлсэн байна.
Гар барин уулзахдаа пап улс төрч хүний хувьд ховорт тооцогдох их үстэй Милейд “үсээ засуулах болжээ” хэмээн инээмсэглэн хэлжээ. Милей тэвэрч, үнсэх зөвшөөрөл хүсэхэд пап “Бололгүй яахав, хүү минь” гэж хариулсан байна.
Айлчлалынхаа өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа Милей папыг “Түүхэнд бичигдэх хамгийн чухал Аргентин хүн” гэж өргөмжилж байсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!