Хэдхэн цагийн өмнө дэлхийн хамгийн том крипто валют гэгддэг биткоины ханш $50,000-ыг давсан нь сүүлийн хоёр жил гаруй хугацааны хамгийн өндөр өсөлт байлаа.
Хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр энэ босгыг давж байжээ. Биткоины ханш энэ он гарснаас хойш 16.3 хувиар өсөөд байгаа.
Даваа гарагт дэлхий даяар крипто хувьцаанууд бас өсөлттэй байлаа. Тухайлбал крипто арилжааны төв Coinbase-ийн хувьцаа 4.9 хувь, крипто олборлогч Riot Platforms, Marathon Digital-ийн хувьцаанууд тус бүр 10.8 ба 11.9 хувиар өссөн юм.
Крипто зах зээлийн энэ өсөлт нь өнгөрсөн сард зах зээлд анх нэвтэрсэн биткоин суурьтай ETF сангуудын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага нэгдүгээр сарын 10-ны өдөр анхны “spot bitcoin ETF” санд зөвшөөрөл олгосон юм.
Уг сангийн зах зээлийн эрэлт эхэндээ сул байсан ч сүүлийн өдрүүдэд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлжээ.
2024 онд шинэ ETF-үүдийн татсан хөрөнгийн хэмжээ $10 тэрбумын босгыг давах тооцоог Bernstein компанийн шинжээчид гаргасан байна.
Харин Standart Chartered банкны шинжээчид $50-$100 тэрбумд хүрэх тооцоог гаргажээ.
Одоогоор АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны Хороонд бас нэг томоохон крипто валют болох ethereum-д суурилсан ETF зах зээлд гаргах долоон хүсэлт ирээд байгаа гэсэн мэдээлэл бий. Эдний зарим хэсэг нь ирэх тавдугаар сард зөвшөөрлөө авах сурагтай байна.
Биткоины ханшийн өсөлтөд бас олборлолтын хэмжээг нь бууруулдаг “halving” хэмээх техникийн үйл явц нөлөөлж байгаа. Өмнө нь гурван удаа тохиож байсан “halving” ирэх дөрөвдүгээр сард дөрөв дэх удаагаа хэрэгжих юм. Хамгийн сүүлийн “halving” 2020 онд тохиож байжээ.
Биткоины олборлогдох боломжит хэмжээ 21 сая байдаг ба одоогоор 19 сая нь хэдийнээ олборлогдоод байгаа. Ээлжит “halving” хэрэгжсэний дараа үлдсэн биткоиныг олборлоход улам хэцүү болно.
Дөрөв дэх биткоин “halving”, Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн эхний таналт, ethereum-ийн spot ETF сангийн зөвшөөрөл зэрэг үйл явдлууд крипто зах зээлийн өсөлтөд цаашид нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!