Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёрдугаар сарын 7-8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнд бараалхсаныхаа дараа хамтарсан мэдээлэл хийсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид аравдугаар сард Герман улсад албан ёсоор айлчилсан. Их үр дүнтэй, халуун дотно айлчлал болсон. Тэр үеэр эрхэм Ерөнхийлөгч тантай болон Холбооны Канцлер Шольцтой Стратегийн түншлэлийн талаар ярилцаж байсан. Ийм хурдан, тэгээд Ерөнхийлөгчийн түвшинд шийдэгдэнэ гэж бодсонгүй.
Монгол Улс Европын Холбооны улсуудаас хамгийн анхны Стратегийн түншлэлийн гэрээг Герман улстай байгуулж байгаадаа баяртай байна. 1990-ээд оны үед Монгол Улс парламентын засаглалтай, ардчилсан улс байхыг Үндсэн хуулийг тунхаглан зарлаж, бүс нутгийн хэмжээнд ардчилсан замаар эргэлт буцалтгүй явах шийдвэрийг гаргаж байлаа. Энэ агуулгаар Жон Керри Монгол Улсыг "Бүс нутагтаа ардчиллын баянбүрд" гэж хэлсэн байдаг.
Монголын ард түмэн далайд гарцгүй ч оюун санааны хувьд нээлттэй байж, гадаад харилцааны олон тулгууртай, гуравдагч хөршүүдтэй, хөрөнгө оруулалтыг илүү татахыг эрмэлзсэн, чөлөө хэвлэл, олон намын системтэй, илүү чөлөөтэй үзэл бодлын мэтгэлцээнтэй байж өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчилсан замаар эргэлт буцалтгүй явж ирлээ.
1992 оны Үндсэн хуулийн эх нь Германы үндсэн хуульд тулгуурласан байдаг. Монгол Улсын 30 жилийн аялал бол Герман улстай, Герман улсын эрдэмтэн судлаачидтай салшгүй холбоотой.
Өнгөрсөн аравдугаар сарын айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчтэй илэн далангүй ярилцлаа. Хамтын ажиллагааны хувьд эрчим хүчний төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон. Аялал жуулчлал, шууд нислэг нэмэгдүүлэх, 1,000 инженер бэлтгэх, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв(МСҮТ)-үүдэд манайд хэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх, хот байгуулалт зэрэг олон талаар хамтарч ажиллахаар ярилцлаа.
Эрхэм Холбооны Канцлер Шольцод миний халуун мэндийг дамжуулахыг хүсье. Канцлер Шольцын хэлсэн "Ардчилал бол дээрээс бууж ирдэг үнэт зүйл биш. Бид өөрсдөө тэмцэж босгодог зүйл" гэсэн үгэнд би дуртай. Дайны сорилттой, дэлхий хуваагдмал ийм үед улс орнууд бие биенээ дэмжиж, дэлхийд энх тайван тогтоохын төлөө хамтдаа цуцалтгүй хичээх хэрэгтэй" гэлээ.
Түүний мэдээллийн дараа Германы сэтгүүлч асуулт асууж, хариулт авлаа.
-Стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тодорхой төсөл бий юу. Санал бодлоо хуваалцана уу?
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс нь мөнхийн хоёр хөрштэй. Манай улсын эдийн засгийн 90 орчим хувь нь уул уурхайн салбараас хамааралтай. Ялангуяа коксожсон нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт гэх дөрвөн бүтээгдэхүүн дээр манай экспорт тогтдог.
Түлш шатахуун болон уул уурхайн зарим бүтээгдэхүүнээр ОХУ-аас 80 орчим хувийн хамааралтай. Эдийн засгийг төрөлжүүлэх нь Монгол Улсын стратегийн хамгийн том зорилт. Энэ агуулгаараа уул уурхайн салбар, газрын ховор элемент, эрчим хүчийг хэрхэн экспортлох, эрчим хүчний шилжилт хийхэд Герман улстай хамтарч ажиллана. Мөн Хот байгуулалт, аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах нь Ерөнхийлөгчийн дурдсанаар шинэ 30 жилийн хамгийн чухал зорилтуудын нэг болж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!