Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ф.В.Штайнмайэр: Луу жилээ угтах гэж буй та бүхэнд шинэ жилдээ аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бараалхлаа. 

Үүний дараа тэд хамтарсан мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг энд дарж уншина уу.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр "Хүйтэн өдрүүдэд халуун дулаан хүлээн авсан та бүхэнд талархал илэрхийлье. Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын бэлтгэлээ базааж буй энэ үед биднийг хүлээн авсанд талархаж байна. 

Манай хоёр улс газар зүйн хувьд хол ч гэлээ үнэт зүйлс нь ижил билээ. Ялангуяа ардчилал, эрх зүйт төр хэмээх ижил үнэт зүйлстэй. Геополитикийн хүнд нөхцөл байдал, шинэ эрсдэлүүд бий болж буй энэ цаг үед бид ойр түншилж байгаад баяртай байна. 

Бидний хамтын ажиллагаа өргөн хөгжиж, улмаар найз нөхдийн холбоотой болж ирлээ. Өчигдөр бид Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч буй. 

Монгол, Герман хоёр улсын хамтын ажиллагаа боловсрол, соёл, батлан хамгаалах зэрэг салбарт амжилттай үргэлжилж байна. Дараагийн хамтын ажиллагаа буюу манай хоёр орны харилцаанд тодоор үлдэх арга хэмжээ нь 2026 онд Боннд Монгол Улсын түүх соёлыг харуулах томоохон үзэсгэлэн нээхээр төлөвлөсөн явдал. 

Ийнхүү хамтын ажиллагаа амжилттай сайн байгаагийн үндэс нь иргэд юм. Хэрэгжиж буй төслүүдэд хүмүүсийн найрсаг харилцаа томоохон хувь нэмрээ оруулсан. Олон монгол хүн Германд суралцсан билээ. Тэдний зарим нь эх орондоо буцсан бол зарим нь Германд ажиллаж амьдарч байна. Манай хоёр улсын иргэдийн харилцаа нягт уялдаатай хөгжиж ирсэн.

Ирэхээсээ өмнө зарим тоон мэдээллийг харахад Монгол Улсын хүн амын нэг хувь нь германаар ярьдаг, 8,800 сурагч герман хэлийг сурч байгааг харах надад бахархалтай сайхан байлаа. Би айлчлалынхаа хүрээнд сургуулиудад очиж, хүүхдүүдтэй ярилцах болно.

Мөн н.Галбадрах хэмээх айлд очиж, Цагаан сарын бэлтгэлээ хэрхэн хангаж буйг сонирхож, ярилцах гэж байгаадаа их баяртай байна. Луу жилээ угтах гэж буй та бүхэнд шинэ жилдээ аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе" гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Монголын Мэдээ агентлаг: ХБНГУ-ын Ерөнхийлөгч таныг Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад талархал илэрхийлье. Ерөнхийлөгч та 10 жилийн өмнө манай улсад айлчилж байсан. Энэ хугацаанд ямар өөрчлөлтүүд ажиглагдсан бэ. Манай улсыг ямар ирээдүй хүлээж байна гэж харж байна вэ?

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр: 10 жилийн өмнө зуны улиралд анх ирж байхад зүлэг ногоо ургасан, байгаль нь тун үзэсгэлэнтэй байсан. Энэ удаад өвөл ирж байна. Эргэн тойрноо харахад цав цагаан байна. Нийслэл хот их өөрчлөгдөж, олон гоё шинэ барилга баригдсан байна. Үүнээс харахад монгол иргэдийн амьдралын чанар сайжирсан байх гэж бодлоо.

Хамгийн чухал нь энэ хугацаанд бидний харилцаа маш сайн хөгжиж ирсэнд бий. Би хойшоо биш урагшаа харахыг хүссэн. Өнгөрсөн 50 жил юу хийсэн, алдаа оноогоо ярилцах биш ирээдүйн 50 жилдээ хамтын ажиллагаагаа хэрхэн илүү сайжруулах, уялдуулах талаар ярилцахаар ирсэн. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй аялал жуулчлал, мэргэжлийн боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах талаар ярилцсан. Гэхдээ зөвхөн цаасан дээр гэрээ зураад зогсох биш хэрэгжүүлэх нь чухал. Иймээс хэрэгжүүлэлтдээ илүү анхаарна.Герман сэтгүүлч:

ТВ9 телевиз: Сайн байна уу, Монгол, Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд таны айлчлал болж байна. Хоёр улсын харилцааны дараагийн 50 жилийг та юу гэж харж байгаа вэ. Ойрын жилүүдэд хоёр улсын харилцаа ямар салбарт голлон төлөвлөгдөөсэй гэж бодож байна вэ?

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр: Өнгөрсөн хугацаанд хамгийн амжилттай хэрэгжсэн нь мэргэжлийн боловсрол, эрдэм шинжилгээний салбар дахь хамтын ажиллагаа байсан. Энэ салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид улам хөгжүүлнэ гэж бодож байна. 

Одоогийн байдлаар 39 монгол оюутан Германд техникийн чиглэлээр сурч байгаа. Мөн Герман, Монголын харилцааг зөвхөн энэ үеийнхэн хадгалаад явах бус залуу үе маань цаашид үргэлжлүүлж, уламжлуулах нь чухал байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой салбарууд нэрлэсэн. Эдгээр нь залуу хүмүүст илүү сонирхолтой байна байх гэж бодож байгаа. Ялангуяа аялал жуулчлал илүү их хөгжинө гэж харж байгаа. Эрчим  хүчний шилжилт, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь залууст сонирхолтой байх болов уу. 

Ирэх гуравдугаар сард Зам тээврийн сайд албан ёсны айлчлал хийхээр болсныг дуулгахад таатай байна.

Герман сэтгүүлч: Энэхүү айлчлалаар геополитикийн хувьд ямар дохио өгч байна вэ?

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр: Бид газар зүйн хол ч гэлээ үнэт зүйлс нэгтэй. Үүгээрээ бид их ойр улсууд. Хамгийн чухал нь улс орнууд олон улсын хууль дүрмийг дагадаг байх ёстой, НҮБ-ын түвшинд хамтын ажиллагаа нь нягт уялдаатай байх учиртай.