Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговийн иргэд: Орон нутгийн төсвөө хянадаг болохыг бусад аймгийн залуучуудад уриалж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Залуучууд ирээдүйгээ хамгаална" сэдвээр Өмнөговь аймгийн залуучууд орон нутагт нүүрлээд буй газар, тендер, нүүрсний асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө.

Энэ талаар Өмнөговь аймгийн иргэн, багш мэргэжилтэй н.Түвшинбаяр "Манай аймаг улсын төсөвт голлох үүрэг гүйцэтгэдэг. Уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Сарын өмнө болсон нүүрсний сонсголын үеэр олон асуудал хөндөгдсөн. 

Аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (ИХТ)-өөр ажилладаг 13 хүн хамтарсан компани байгуулж нүүрс тээврийн ажил хийсэн гэх мэт энэ аймагт удирдлагууд байна уу гэж бодогдмоор олон зүйл болсон. Энэ талаар манай аймгийн залуус байр сууриа илэрхийлэх нь зөв гэж шийдсэн.

Ийм асуудал зөвхөн нэг аймагт ч бус бусад 20 аймагт ч бий. Тиймээс энэ талаар хэвлэлийнхэнд хандах нь зөв гэж бодсон хэрэг. 

Аймгийн ИХТ гэдэг бол тухайн орон нутгийн иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр хамгийн их эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хүмүүс нь төлөөлөгч нар боллоо. Мэдээж хэрэг бүгд биш, зарим нэг хүмүүсийн талаар ярьж буй гэдгийг онцолъё. 

Иргэд маань УИХ-ын гишүүдийн талаар юм уу, Улаанбаатар хотод болж буй ноцтой асуудлын талаар ярьдаг боловч орон нутагт болж буй асуудлаар ярьдаггүй. Гэтэл орон нутагт иргэдийг төлөөлж буй хүмүүс хувийн компани байгуулах зорилгоор энэ албанд очдог болоод удаж байна" гэж ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зөвхөн нүүрсний сонсголын үеэр олон нийтэд ил тод болсон асуудлаар шалгаад үзэхэд л ИХТ-өөр ажилладаг 10 орчим хүн нүүрс тээвэрлэлтийн асуудалд холбогдсон гэдгийг иргэд мэдээлэв. Мөн газрын наймааны асуудал ч бийг тус аймгийн иргэн Ц.Ууганцэцэг мэдээлэв. 

Энэ талаар тэрбээр "Бид зөвхөн нүүрсний хулгайн талаар ярьдаг. Гэтэл газрын асуудлаар ч хулгай нүүрлэсэн. Тухайн орон нутгийн хамгийн ашигтай байрлалд өмчлөгч нь дандаа улс төрийн нөлөө бүхий хүн эсвэл ИХТ-өөр ажилладаг хэн нэгний нэр дээр байдаг.

Энэ зөвхөн нэг аймгийн хэмжээнд ярих сэдэв биш. Монгол Улсын хэмжээнд энэ талаар ярьж, шалгах ёстой гэж бодож байна. Учир нь бүх аймагт ийм хулгай гаарсан.

Шат шатны иргэдийн төлөөлөгчид гэдэг бол төсвийг, газрыг шийдвэрлэдэг чухал алба. Мэдээлэлд ойр байдгаараа өөрсдөдөө давуу байдал бий болгож байгааг хянаж хуулийн хариуцлага хүлээлгэх талаар залуучуудад уриалж байна.

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж саяхан Тавантолгойгоос Ханги-Мандалын чиглэл рүү хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалттай холбоотой баримт бий. Авто замын хайрга ашиглах, өөр компанид нийлүүлэх эрхийг нь "Өмнөговь бүтээн байгуулалтын корпорац"-д өгсөн. Энэ компанийг хэн эзэмшдэг вэ гээд шалгахаар нөгөө л төлөөлөгчид орсон. Ямар шалгуураар ийм компанид эрх өгсөн нь тодорхой бус. 

Энэ мэтээр энгийн иргэдийн боломжийг хулгайлж нам харгалзахгүйгээр цөөн хүмүүс л бүх эрх мэдлийг атгаж байна. Ийм асуудал зөвхөн Өмнөговь аймгаар зогсохгүй" гэв.

Өмнөговь аймгийн залуучуудын төлөөлөл аймгийн төсвийн асуудлыг ч хянаж шалгаж байх шаардлага үүссэнийг бусад аймгийн залуустаа уриаллаа. 

Мөн тус аймгийн оюутан залуучуудын холбооноос төлөөлөл ирж мэдээлэл өгсөн юм. Тэдний гаргасан судалгаагаар нэг оюутан жилд 15 сая төгрөгийн урсгал зардалтай байдаг. Аймгийн ИХТ-өөс "Мишээл-Экспо"-гийн урд талд 11 давхар оюутны байр барихаар 2018 онд барилгын ажил эхлүүлсэн боловч одоог хүртэл баригдаж дуусаагүй, балгас болж байгааг онцоллоо.

Уг барилгыг 2015 онд тус аймгаас суралцагч оюутан, залуусын санаачилгаар өргөн барьж гурван жилийн дараа барилгын ажил эхлэсэн боловч одоогоор 70%-ын явцтай байна. Орон нутгийн төсөв жил ирэх тусам нэмэгддэг ч оюутан, залуус руу чиглэсэн төсөв байдаггүйг залуучууд шүүмжилсэн юм.