Улсын Их Хурал (УИХ)-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн талаарх тайланг хянан хэлэлцлээ.
Энэ талаарх нотлох баримт цуглуулах, судлах, иргэд олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор байгуулагдсан Хянан шалгах түр хороог Хууль зүйн сайд Б.Энхбаяр ахалж буй. Тэрбээр тус хорооны тайланг чуулганы төгсгөлд танилцууллаа.
Ажлын хэсэг нийт 3.1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хянан шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн хувьд, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 51 хувийн хувьцаа эзэмшигчийн төлөөллөө үр нөлөөтэй хэрэгжүүлээгүйгээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээд компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, улс төрд нөлөөлөл орсон, ТУЗ-ийн гишүүдийн хамаарал бүхий нүүрсний гэрээ, ажлын гүйцэтгэл, нүүрс худалдана авч байсан талаар болон үүнийг нотлох архивын баримтыг устгасан байж болзошгүй талаар Б.Энхбаяр онцлов.
Тодруулбал 2011-2023 онд нийт 944 гэрээгээр 13.3 их наяд төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулснаас хяналт шалгалтад 500 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нийт 11.5 их наяд төгрөгийн 92 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хамруулан нягтлахад 4.8 их наяд төгрөгийн дүн бүхий 40 төслийн худалдан авах ажиллагаа хуульд нийцээгүй болохыг тогтоосон байна.
Тэр ч бүү хэл 2011-2014 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан тус компанийн архивт байхгүй, ор тас алга болсон нь гайхмаар. Түүнчлэн тус компани 2011-2023 оны хооронд 398 гэрээгээр 110.1 сая тонн буюу 20.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд үүнийг сарын дундаж үнэ тогтоох аргачлалын үнэтэй нь харьцуулж үзэхэд алдагдсан боломжийн зардал ойролцоогоор 826.4 сая ам.долларт хүрчээ.
"Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-аас нүүрс худалдан авч, экспортолсон аж ахуйн нэгжүүдэд олгосон “С” төрлийн зөвшөөрлийн бичгийн 2010-2017 оны анхан шатны бичиг баримт төрийн байгууллагуудад хадгалагдаагүйгээс хяналт шалгалт хийх боломжгүй, “С” зөвшөөрлийн бичиг олголтын үйл ажиллагаа, түүнээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн зарцуулалтад дээд шатны болон хөндлөнгийн аудитын байгууллагаас хяналт шалгалт хийгдээгүй, холбогдох ажлын хэсгийн дарга нар нь ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэж байсныг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулгадаа дурдав.
Компани, төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, кокс-эрчим хүчний үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хамаарах, нэмүү өртөг шингээх найман төсөлд нийт 5,024.7 тэрбум төгрөг, Засгийн газар, ТУЗ-ийн холбогдох шийдвэрийн дагуу компанийн үндсэн үйл ажиллагаанд үл хамаарах Богдхан төмөр зам, Газрын тос дамжуулах хоолой зэрэг төсөлд 463.2 тэрбум зарцуулж, Тавантолгой түлш ХХК-д 1,069.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-д нийт 63.3 тэрбум төгрөгийн зээл тус тус олгосон байх агаад төмөр замын таван төсөлд мөнгөн хөрөнгө болон нүүрсээр нийт 4,643.3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгснөөс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл бүрэн хэрэгжиж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд Богдхан төмөр замын төсөл судалгааны ажлын түвшинд зогсжээ. Эдгээр төслийн захиалагч болох “Монголын төмөр зам” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд ерөнхий гүйцэтгэгч Барилга, инженерийн цэргийн удирдах газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Бодь интернэшнл” ХХК-тай шууд гэрээ байгуулсан, холболтын төмөр замын 218.0 тэрбум төгрөгийн, Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн төвийн 217.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЕРС гэрээг магадлалаар баталгаажуулаагүй зураг төсөл, үнийн дүнд үндэслэн байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ТЭЗҮ-ийн дүнг үндэслэн гэрээний үнийн дүнг 95.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нийт 2.3 сая тонн ачаа тээвэрлэсэн хэдий ч зүтгүүр, вагоны тоо хангалтгүйгээс төмөр замын ашигт ажиллагаа ТЭЗҮ-д заасан хэмжээнд хүрээгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нийт 488.4 мянган тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд одоогоор зураг төслийн ажил үргэлжилж буй хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор эхний жилд 10.6 сая тонн, хоёр дахь жилд 21.1 сая тонн, гурав дахь жилд 26.4 сая тонн, 4-20 дахь жилүүдэд тус бүр 31.9 сая тонн, 21-30 дахь жилүүдэд тус бүр 50.2 сая тонн нүүрс тээвэрлэхээр байна.
Монгол Улсын гаалийн байгууллага экспортолсон нийт нүүрсийг бүртгэхдээ тухайн худалдан авч буй талын бүртгэлтэй улсын нэрээр статистикт оруулдгийг тайлбарлаад манай улсаас БНХАУ-аас бусад улс руу экспортолж буй нүүрс нь БНХАУ-ын хилээр гарч тус улсын гаалийн байгууллага хэрхэн бүртгэж байгааг тодорхойлох боломжгүй байгааг онцлов.
Ямартай ч Монголоос гарч буй нүүрсний хэмжээг Дэлхийн банк, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлэлтэй харьцуулахад зөрүү нь 39 мянган тонн гарчээ. Мөн манай улсын 2013-2022 оны хооронд экспортолсон нийт нүүрсний биет хэмжээг, Хятадын нүүрсний экспорт, импортын статистик мэдээллийн платформ дахь Монгол Улсаас импортолсон нүүрсний тоон мэдээлэлтэй тулган шалгаж, БНХАУ-аас бусад улс орон руу экспорт хийсэн дүнг оруулж тооцоход 980.0 мянган тонн илүү, оруулаагүй тохиолдолд 6.1 сая тонн дутуу гарсан байна.
Цагаан хадны бүсэд байрлах нүүрс ачих, буулгах 36 терминалын пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон Гаалийн ерөнхий газрын CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг MS Access программ уншуулан тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн “С” зөвшөөрөл бүхий 487 хуулийн этгээдээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байгааг сайд онцоллоо.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд гаалийн хяналтын талбай, автотээврийн зогсоол, кемпийн зориулалттай газрыг 2020-2022 онд дуудлага худалдаагаар худалдаагүй бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй байхад газар олгон дараа нь нөхөн төлүүлж, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай 34 аж ахуйн нэгжид, 42 эзэмших эрхийн гэрчилгээгээр 475.3 га газар олгосон, мөн хоёр хуулийн этгээдэд 4,100 га газрыг эрчим хүчний зориулалтаар хууль бусаар эзэмшүүлснийг тэрбээр дурдлаа.
“Бор тээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулахдаа тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй этгээдийн ерөнхий нөхцөл, санхүү болон техникийн чадавхад нийцүүлэн, тендерийн бичиг баримтад өөрчлөлт оруулан шалгаруулж, гэрээ байгуулсан нь нэг этгээдэд давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг дүгнэв.
Түр хорооноос танилцуулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл:
Уг тогтоолыг батлах санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэнээр баталсан юм.
Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах нүүрсний сонсголын тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэж, Хянан шалгах түр хороо татан буугдсанд тооцов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!