Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Испанийн цагдаа нар зорчигчдын тээшнээс нийт $2 саяын үнэтэй эд зүйлс хулгайлсан нисэх буудлын ажилчдыг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Испани улсын аялал жуулчлалын чухал чиглэл болох Канарын арлуудын Тенерифе Сур нисэх буудалд цагдаа нар Баасан гарагт томоохон ажиллагаа явуулжээ.

Энэ үеэр зорчигчдын тээшнээс нийт 1.953 сая еврогийн ($2.1 сая орчим) үнэ бүхий эд зүйлс хулгайлсан хэргийн сэжигтнүүд болох нисэх буудлын 14 ажилчныг цагдаа нар баривчилсан байна.

Эдгээрээс гадна уг хэрэгтэй холбогдуулан нисэх буудлын өөр 20 ажилтныг шалгаж эхэлжээ.

Тус нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчдоос эд зүйлээ алдсан тухай гомдол ирэх нь нэмэгдсэн тул хэргийг анх мөрдөж эхэлсэн юм байна.

Баасан гарагт цагдаа нар нисэх буудлын ажилчдын хувцас солих өрөө, автомашин, гэр зэрэг олон газарт зэрэг нэгжлэг явуулжээ. Энэ үеэр 13,000 евро бэлнээр, үнэтэй бугуйн цаг 29 ширхэг, үнэт эдлэл 120 ширхэг, гар утас 22 ширхэг зэрэг маш олон төрлийн эд зүйлсийг илрүүлсэн байна.

Нисэх буудлын ажилчид хулгайлсан эд зүйлсээ орон нутгийн зах дээр болон онлайн дэлгүүрээр зардаг байсныг Испани улсын үндэсний цагдаагийн газар Guardia Civil мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider