Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Дарханы замын цементэн хашлагад цас их хунгарлаж, хүндрэлтэй болсон. Зураг төслийн компани хариуцлага хүлээхээ амласан"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулганаар “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Төрийн ордонд өнөөдөр хэлэлцэж байна. Энэ үеэр Дарханы замтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням салбарын сайдаас асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Төв-Өмнөговь, Төв-Алтанбулаг чиглэлийн зам дээр том тээврийн хэрэгсэл зорчиход хязгаарлалт тавьсан. Өнөөдрийн байдлаар замын стандартаа мөрдүүлж байна гээд нэг тэнхлэг дээр явах даацыг хязгаарласнаас болж түлшний хэрэгцээ асар өсөж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ирэх онд бүрэн дуусах байх. Энэ замыг үргэлжлүүлээд урд хил рүү холбоход яагаад мөнгө тавихгүй байгаа юм. ОХУ-аас Хятад руу тээвэр хиймээр байна. 

Дарханы замын ТЭЗҮ-ийг хийж байхад Баруун хараагийн гүүрийг мартчихсан. Дарханы замын голд буй цементэн хаалтыг олон улсын стандартынх гээд байсан. Гэтэл одоо цас ороход хоёр урсгалын нэг нь хаагдчихсан байна. 

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт: Улсын төсөвт мөнгө байхгүй учраас Дарханаас Алтанбулаг чиглэлийн зам дээр концесс зарласан. Налайхаас Замын-Үүд хүртэлх замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр концесс зарласан. Улаанбаатар хотыг тойруулаад зам барих, Туул голын дагуу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо руу тууш зам барих төлөвлөлт хийсэн. 

Нэг тэнхлэг дээр 11 тонн гэдэг нь дэлхийн нийтийн стандарт. Энэ стандартаас давсан хэмжээний тээврийн хэрэгслийг явуулснаас болж зам эвдэрдэг. Тиймээс цаашдаа тусгай зориулалтын зам тавих дээр бодлого гаргана. 

Өмнөговь, Дундговийн зам дээр шатахуун, мидлинг хэтрүүлж тээвэрлэснээс болж эвдэрсэн. Үүнийг засахын тулд санхүүжилт гаргах тал дээр Сангийн сайд болон Азийн хөгжлийн банктай ойлголцсон. Мөн энэ хоёр зам дээр даац хэтрүүлдэг асуудлыг шийдсэн. Мидлинг болон шатахуунаа төмөр замаар тээвэрлэж байгаа. 

Дарханы замын ТЭЗҮ дээр Баруун хараагийн гүүр байхгүй. Тус гүүрийг барихын тулд улсын төсөв дээр мөнгө тавих гээд явж байгаа. Замын цементэн хашлагаас болж цас их хунгарласан. Энэ талаар зураг төсөл зохиож буй н.Батсайхан гэх захиралтай компанид нь удаа дараа шаардлага хүргүүлсэн. Эцсийн хариуцлагыг бид хүлээнэ, мэдэж байна гээд хийлгэчихсэн. Үүнээс нь болоод байнга цас цэвэрлэдэг хүндрэлтэй байдал бий болсон. 

Зураг төсөл боловсруулсан хүн нь эцсийн хариуцлага хүлээнэ гээд байхад, үгүй ээ наадхаа өөрчил гэж чадахгүй байгаа. Гэхдээ нэгэнт амласан юм чинь тэр хүн эцсийн хариуцлагаа хүлээх ёстой.