Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хоёр Ажлын хэсэг байгуулах асуудлыг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлэлцжээ.
Тодруулбал гэр хорооллыг орон сууцжуулах Ажлын хэсгийг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан ахалж, иргэдтэй уулзаж, санал асуулга явуулан хэлэлцээр хийхээр болжээ.
Харин түгжрэлтэй холбоотой Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахлах бөгөөд холбогдох журмуудыг эцэслэн батлахыг даалгасан байна.
Түүнчлэн Хотын дарга Х.Нямбаатар “Урт цагаан болон S'Outlet дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ гэдгийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгджээ.
Тэрбээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль арванхоёрдугаар сарын 31-нээс хэрэгжих тул УБЗАА, Дүүргүүдийн Засаг дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой захиалгуудаа ирүүлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх, автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийх, хотын соёлыг түгээсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулах, Улаанбаатар хотод жуулчид хүлээн авах хөтөлбөр боловсруулж, жуулчид ирэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!