Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол мэргэжилтнүүд ур чадвараараа дэлхийд өрсөлдсөөр байна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Мэргэжил бүр өөр өөрийн онцлог, давуу талтайг батлан харуулдаг Дэлхийн ур чадварын 47 дугаар тэмцээн 2024 онд Франц улсын Лион хотноо болно.

22 хүртэлх насны шилдэг мужаан, тогооч, гагнуур, сантехник, өрөг угсралт гэх мэт орон, орноосоо шалгарсан авьяастай, чадварлаг залуу мэргэжилтнүүд энэ тэмцээнд оролцохоор бэлдэж байна. Монгол Улсын баг тамирчид ч тэмцээндээ идэвхтэй бэлдэж буй.

Дэлхийн Ур чадварын байгууллагаас "WorldSkills" буюу Дэлхийн Ур Чадварын Тэмцээн(ДУЧТ)-ийг 1946 оноос эхлэн хоёр жил тутам зохион байгуулж, мэргэжилтнүүдийн нэр хүндийг тунхаглан, авьяас чадварыг дэлхийд таниулж, эдийн засгийн өсөлтөд хүрэхэд эдгээр ур чадвар нь ямар чухал болохыг харуулж байна. Өдгөө 85 улс нэгдсэн уг тэмцээн 2024 онд барилга ба барилгын технологи, бүтээлч урлаг, загвар, мэдээлэл харилцааны технологи, үйлдвэрлэл, инженерийн технологи, нийгмийн болон хувийн үйлчилгээ, тээвэр ложистик гэх зургаан чиглэлийн дагуух 61 мэргэжлээр зохиогдохоор төлөвлөсөн юм.

Монгол Улсын хувьд анх 2015 онд есөн мэргэжлээр, 2017 онд зургаан мэргэжлээр, 2019 онд мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч, токарь гэх найман мэргэжлээр оролцож, 2017, 2019 онд гагнуурын төрлөөр, 2022 онд өрөг угсралтын мэргэжлээр "Дэлхийн стандартыг хангасан шилдэг гүйцэтгэл" шагналыг хүртсэн амжилттай. 2024 оны есдүгээр сарын 10-ны өдөр Франц улсын Лион хотноо нээлтээ хийх ДУЧТ-д ч өндөр амжилт гаргана гэсэн хүлээлттэйгээр мэргэжилтнүүдээс бүрдсэн баг бэлтгэлээ хангаж байна.

зураг
 

Монгол Улс ДУЧТ-д явах шилдгүүдээ тодруулахын тулд Монгол Ур Чадвар тэмцээнийг зохион байгуулдаг. Анх 2014 онд Монгол ур чадварын тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан оролцогчдыг тусгайлан бэлтгэж, 2015 онд ДУЧТ-д оролцож байсан юм. Монгол Улсад ур чадварын тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг болох, Дэлхийн ур чадварын байгууллагад данстай болох хийгээд оролцогчдын бэлтгэл хангахад ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилттэй Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хэрэгжүүлсэн төслүүд нөлөөтэй.

Нэг жилийн өмнө болсон тэмцээнд Монгол Улсаас токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт гэх 7 мэргэжлээр 7 суралцагч, эксперт багшийн хамт оролцсон.

Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлж, оролцсон анхны залуусын нэг нь Х.Лхагваа. Тэрбээр одоо “Эрдэнэт” ТӨҮГ, Засвар механикийн заводод токарьчин мэргэжлээр ажилладаг.

зураг
 

Түүний хувьд анх 2013 онд токарьчин мэргэжлээр “Барилгын политехник” коллежид элсэн орж байсан. Анх элсэн орж байхдаа токарьчин мэргэжил яг ямар ажил хийдэг, юунд шаардлагатай мэргэжил гэдгийг огт мэддэггүй хүн орж байж. Мэддэггүй болохоор мэргэжилдээ их сонирхолгүй ажиллаж байсан тухайгаа Х.Лхагваа дурсдаг. Гэхдээ суралцаж байх явцдаа сургуулийнхаа багш нарын тусламжтайгаар тухайн мэргэжлээ ойлгон таньсан. 2015 онд дэлхийн ур чадварын тэмцээнд CNC токарьчин төрлөөр оролцсон юм.

Дэлхийн мэргэжлийн боловсрол, сургалтын суралцагсдыг нэг дор нэгтгэх энэхүү мэргэжлийн ур чадварын Олимпын наадам нь тэдний мэдлэг, ур чадварын гол хэмжүүр. Суралцагсдаа бэлдсэн багшийн чансаа, сургуулийн эрэмбийг давхар тодорхойлдог юм. Зөвхөн эрчүүд гагнуурчин, мужаан, сантехникч болдог гэсэн хуучинсаг хандлага эвдэгдэж, эмэгтэйчүүдийн оролцоо ч энэ салбарт нэмэгдсэн.

Тухайлбал эмэгтэй гагнуурчдын төлөөлөл Э.Уужимсэтгэлт. Тэрбээр эрчүүд зөвхөн гагнуурчин болдог гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, 31 эрэгтэй хүүхэдтэй ангид ганцаараа 2.5 жил шантралгүй суралцаж, шилдэг залуу ажилчин шагналын эзэн болж амжсан. Э.Уужимсэтгэлтийн тууштай зан, мэргэжил сонголт олон залууст урам өгч хөдөлмөрийн салбарт томоохон үлгэр дуурайлал болж байлаа.

Монгол ур чадвар тэмцээн болон ДУЧТ-ний оролцоог зохион байгуулах ажлыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам хариуцаж, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ хэрэгжүүлдэг. ДУЧТ-д оролцох нь өөрөө зардал өндөртэй. Гэсэн ч хамтарч, дэмжин ажилладаг олон аж ахуйн нэгж, байгууллага болон олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр багууд бэлтгэл, сургуулилалтаа хийж, амжилттай оролцох боломжоо хангадаг.

Мэргэжилтэн залуус ДУЧТ-д оролцдог болсноор техникийн мэргэжлийн боловсрол, сургалтын салбар, олгож буй боломжийг олон нийтэд таниулж, хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтны үнэлэмжээ өсгөсөн юм. Мөн олон улсын түвшинд Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын чанар хаана явааг залуус амжилтаараа илэрхийлж, харуулдаг. Олон улсын сургалтын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй харилцаа холбоо тогтоох, туршлага солилцон хамтран ажиллах эхлэл ч тавигдаж, энэ салбарын нийгмийн түншлэл сайжирсан. Сургалтын байгууллагууд тэмцээнийг хүлээдэг, суралцагч залуус олон тэмцээнд орохоор удаан хугацаанд бэлтгэлээ хангадаг. Тиймээс цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн тэмцээний ашиг тусыг ойлгож, ирээдүйн ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчнээ бэлдэхэд хамтран ажилладаг байхыг уриалж байна.