Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хувийн автомашинтай жолооч нар нийтийн эрх ашгийг хүндэтгэж, эгнээ байраа зөв эзлэх шаардлагатай"

П.Зоригт, IKON.MN
2023 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түгжрэл бууруулах үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан болон тус хорооны ахлах мэргэжилтэн н.Тамир сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм. 



Сэтгүүлч: Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, эгнээ байраа эзэлдэггүй жолооч нар түгжрэлд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Энэ асуудалд ямар шийдэл байгаа вэ? 

Ахлах мэргэжилтэн н.Тамир: Бид гурван E зарчмыг баримтлан ажиллаж байгаа.

  • Нэгдүгээрт Education буюу боловсрол олгох
  • Хоёрдугаарт Engineering буюу инженерийн шийдэл гаргах
  • Гуравдугаарт Enforce буюу албадлагын арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа.

Эхний ээлжид хувийн автомашин болон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарт зөв дадал зуршлыг зөөлөн аргаар суулгах шаардлагатай.

Жолооч нар эгнээ байраа эзлэхдээ нэг нэгэндээ хүндэтгэлгүй ханддаг. Хувийн автомашинтай зорчиж байгаа иргэд нийтийн эрх ашиг, олон хүнийг хүндэтгээд урдуураа нэг автобус оруулах, эгнээ байраа зөв эзлэх шаардлагатай. Хамгийн тулгамдаж буй асуудал нь машинаа хаа хамаагүй дураараа тавьдаг.

Сэтгүүлч: Өдөрт нэг удаа төлбөр төлөөд автобусанд суувал нийтийн тээврийн салбар алдагдалтай ажиллах юм биш үү?

Ахлах мэргэжилтэн н.Тамир: Нийтийн тээвэрт маш олон төрлөөр төлбөр төлөх боломжийг бүрдүүлэхээр зорьж ажиллаж байна.

  • Нэгдүгээрт QR кодын шийдлүүд
  • Хоёрдугаарт гар утасны аппликэйшн
  • Гуравдугаарт арилжааны банкны картууд
  • Дөрөвдүгээрт энгийн нийтийн тээврийн картууд

Том зургаар авч үзвэл Улаанбаатар хотын таван гол гудамж зам дээр нийтийн тээвэр хүлээгдэлгүй байх, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөн хүлээгдэлгүй байх зарчмаар явж байгаа. Үүнээс гадна зургаан тойрог замд 12 чиглэлд автобус явуулна. Хол зайд явж буй учир автобус хүлээгдэл таван минут болно.

Гол гудамж зам дээр өглөө 07:00-10:00 цагийн хооронд хоёр минут, орой 17:00-21:00 цагийн хооронд хоёр минут байхаар төлөвлөж байна. Энэ нь оргил ачааллын цагт гэсэн үг. Бусад энгийн ачаалалгүй цагт дөрвөн минут байна.

Автобус сольж байгаа буудлуудад хамгийн ихдээ тав орчим минут хүлээнэ гэсэн тооцоололтой байна.

Сэтгүүлч: Автобусны чиглэлийг давхардуулахгүй байснаар ямар давуу тал үүсэх вэ? 

Сайд Б.Дэлгэрсайхан: Нэг автобусны буудал дээр олон автобус давхардуулахгүй. Хөдөлгөөнийг нэг чиглэлийн болгосноор автобуснууд ар араасаа цувраад явна гэсэн үг. Цуварч явж байгаа автобуснууд нь ойролцоогоор хоёр минутын зайтай ирнэ гэж тооцож байгаа. Гэрлэн дохиотой уялдуулж энэ шийдвэрийг гаргаж байгаа.

Ойролцоогоор 40-60 секундэд гэрлэн дохио асаж, унтрах цаг минутыг тааруулж байгаа. Энэ утгаараа нэг минут 30 секундээс хоёр минутын хооронд дараагийн ээлжийн автобус ирнэ. Дараагийн ээлжийн автобус ирэхэд урд талын автобус байрнаасаа хөдөлсөн байх ёстой. Үүнд ямар нэгэн давхардал үүсэхгүй байх ёстой.