ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Британид жолооны онолын шалгалтад 59 удаа унасан хүн 60 дахь дээрээ тэнцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Жолооны сургалтын онолын шалгалтад 59 удаа унасан хүн 60 дахь дээрээ тэнцэж, Их Британийн түүхэнд дээд амжилт тогтоосныг тус улсын AA Driving School байгууллага мэдээлжээ.

Тус байгууллагын Ворчестершир мужийн Реддич хотын сургалтын төвд 60 дахь удаагаа шалгалт өгөөд тэнсэн хүний нэрийг нууцалсан байна.

Онолын шалгалтад хамгийн олон унасан дараагийн байрыг 57 удаа унасан Зүүн Йоркшир мужийн Халл хотын оршин суугч эзэмшдэг юм байна. Дараа нь 55 удаа унасан Суррей мужийн Гилфордын оршин суугч, 53 удаа унасан Кент мужийн Рояал Танбриж Уэльсийн оршин суугч тус тус жагсдаг ажээ.

Их Британийн тээврийн яамнаас гаргасан мэдээллээр бол 2007-2008 оны хичээлийн жилд нийт жолооны онолын шалгалт өгсөн хүмүүсийн 65 хувь нь тэнцэж байсан байна. Гэтэл 2022-2023 онд энэ хувь 44 хувь болж буурчээ.

Тус улсын хуулиар онолын шалгалтад тэнцсэн хүн л жолооны дадлагын шалгалт өгөх эрхтэй болдог байна.

Онолын шалгалтад орох хураамж 23 фунт стерлинг, шалгалтын үргэлжлэх хугацаа нэг цаг байдаг гэнэ. Шалгалтад 59 удаа унасан хүн нийтдээ 60 цагийг шалгалт өгөхөд, 1,380 фунт стерлингийг ($1,750) шалгалт өгөх эрх авахад зарцуулсан гэсэн үг юм.

Британийн жолооны онолын шалгалт олон хувилбар хариулт бүхий 50 асуулттай байдаг ба хамгийн багадаа 43 асуултад зөв хариулж байж тэнцдэг байна.

Онолын шалгалтад унасан хүн хамгийн богинодоо гурав хоногийн дараа дахин өгөх боломжтой. Онолын шалгалтад тэнцэгсэд хоёр жилийн дотор дадлагын шалгалт өгөх ёстой ба хугацаа хэтэрвэл онолын шалгалтаа дахин өгөх ёстой болдог.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа