Бямба гарагийн орой Францын нийслэл Парис хотод Эйфелийн цамхгийн ойролцоо хутга, алхаар зэвсэглэсэн нэг этгээд энгийн иргэдийн эсрэг халдлага үйлджээ.
Үүний улмаас Германы нэг жуулчин эрэгтэй алагдаж, хоёр хүн шархадсан байна.
Сүүлд цагдаа нар 26 настай халдлага үйлдэгчийг баривчлан терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Уг этгээд нь Исламын Улс террорист байгууллагын дэмжигч байсныг Ням гарагт прокурор Жан Франсуа Рикард мэдээлсэн байна.
Сэжигтэн халдлага үйлдэхээсээ өмнө дээрх террорист байгууллагын тухай видео бичлэгийг сошиал хуудсандаа нийтэлж байсныг мөрдөгчид тогтоожээ.
Францын хэвлэлүүдийн мэдээлснээр сэжигтэн нь тус улсад төрсөн, Иран гаралтай залуу байсан байна.
Сэжигтэн этгээд өмнө нь мөн террорист халдлага үйлдэхээр бэлдэж байсныхаа төлөө шийтгүүлж, шоронд дөрвөн жил хоригдоод 2020 онд суллагджээ. Дараа нь сэтгэцийн өвчнөө эмчлүүлж байсан гэнэ.
Жуулчны амийг хутгалж хөнөөсөн сэжигтэн гүүрээр дамжин Сена мөрний нөгөө эрэг рүү зугтах замдаа хоёр хүнийг шархдуулжээ.
Эцэст нь цагдаа нар түүнийг цахилгаан бороохойгоор аюулгүй болгон баривчилсан байна.
Шархадсан хоёр хүний нэг нь Францын иргэн 60 гаруй насны эрэгтэй, нөгөө нь Английн жуулчин 66 настай эрэгтэй байжээ.
Тэдний биеийн байдал сайн байгааг Францын эрүүл мэндийн сайд Орелиен Руссо өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэжигтэн халдлага үйлдэх үедээ “Аллах Акбар” хэмээн хашхирч байсан, баривчлагдсаныхаа дараа цагдаа нарт “Афганистан, Палестинд муслимууд олноор алагдаж буйд бухимдсан” гэж мэдүүлснийг Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманин мэдээлжээ.
Энэ хэргээс хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Францын хойд бүсийн Аррас хотын ахлах сургуульд хутгаар зэвсэглэсэн этгээд халдсаны улмаас нэг багш алагдаж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|