Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийг ойрын хугацаанд байгуулахаар тохирлоо

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
ЕТГ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-тэй уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Узбекистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс болон Узбекистан Улс нь далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, “Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тохирч, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Узбекистан Улсад тааламжтай цагтаа айлчлахыг Ерөнхийлөгч Ш.Мирзиёев урьсан тухай Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

Монгол, Унгар хоёр улсын хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар ярилцлаа

зураг
 
ЕТГ

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новактай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын зарим асуудлаар санал солилцжээ.

Уулзалтаар талууд Монгол, Унгарын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж хадгалагдаж, хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр улсын хөгжлийн бодлогод тусгасан харилцан уялдаа бүхий зорилтуудыг хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтад хувь нэмрээ оруулан хамтран ажиллахаа талууд нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгар Улсын Ерөнхийлөгч Каталин Новак-ийг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Дэлхийн эмэгтэй манлайлагчдын чуулган”-д оролцохыг урьжээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар