7000 орчим хиймэл дагуул дэлхийг тойрон эргэлдэж, харилцаа холбоо, навигаци, шинжлэх ухааны судалгаа зэрэг амин чухал үүрэг гүйцэтгэдэг.
Зөвхөн 2022 онд л гэхэд 150 гаруй удаа пуужин хөөргөж, шинэ хиймэл дагуулуудыг сансарт илгээсэн бөгөөд дараагийн арван жилд илүү олныг хөөргөх төлөвтэй байна.
Гэхдээ эдгээр хиймэл дагуулуудыг хэн эзэмшдэг вэ? Энэхүү графикт бид хиймэл дагуулын технологийн тэргүүлэгчдийг Union of Concerned Scientists-ийн өгөгдлийг ашиглан харууллаа.
Илон Маскийн удирддаг SpaceX нь дэлхийн тойрог замд буй нийт хиймэл дагуулын 50%-ийг эзэмшиж байна.
Тус компани энэ онд аль хэдийн 80 гаруй пуужин хөөргөчхөөд байгаа нь бусад компани, улс орнуудаас давсан үзүүлэлт юм.
Хоёрдугаарт Британийн OneWeb Satellites хэмээх төдийлөн танил бус компани оржээ. Лондон хотод төвтэй тус компани нь Их Британийн засгийн газрын хөрөнгө оруулалттай бөгөөд засгийн газар, бизнес эрхлэгчид, олон нийтэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлдэг.
Бусад олон хиймэл дагуулын операторуудын нэгэн адил OneWeb нь хиймэл дагуулуудаа хөөргөхдөө SpaceX үйлчилгээг ашигладаг.
Хэдийгээр Starlink энэ салбарт ноёрхож байгаа ч ойрын жилүүдэд тус компани ширүүн өрсөлдөөнтэй тулгарах нь. Amazon-ийн Project Kuiper нь SpaceX-ийн сүлжээтэй өрсөлдөхийн тулд 2029 он гэхэд 3,236 хиймэл дагуул дэлхийн тойрог замд байрлуулахаар төлөвлөж байна. Анхны багц хиймэл дагуулуудаа 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хувийн хэвшлийн компаниудын дараагаар засгийн газрууд хиймэл дагуулуудын нэлээд хэсгийг эзэмшдэг.
Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд сансрын хөтөлбөрөө хурдасгаж, одоогоор хятадын төрийн агентлагууд нь хамгийн олон хиймэл дагуул шууд эзэмшдэг болоод байгаа юм. Эдгээрийн ихэнх нь дэлхийн ажиглалт, харилцаа холбоо, батлан хамгаалах, технологийн хөгжилд ашиглагддаг.
Мэдээлэл, өгөгдлийн эрэлт нэмэгдэж, шинэ илүү эдийн засгийн хэмнэлттэй хиймэл дагуулын технологи бий болж байгаа нь хувийн сансрын компаниудад томоохон боломжуудыг бий болгох төлөвтэй байна.
Энэ хүрээнд ирэх арван жилд хиймэл дагуулын эрэлт дөрөв дахин өсөх төлөвтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|