Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван сарын аяныг улс даяар есдүгээр сарын 1-нээс эхлүүлжээ. Уг аян маргааш дуусах тул энэ хугацаанд хийсэн ажлын талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.
ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү "Аяны хүрээнд барилгын салбарын байгууллагуудын төлөөллийг оролцуулсан сургалтуудыг зохион байгууллаа.
Манай улс 1997 онд олон улсын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 155 дугаар конвенцод нэгдэн орж, 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуультай болсон байдаг.
Улмаар 2009 онд уг асуудлыг хариуцсан Үндэсний хороо байгуулагдаж, орон нутагт салбараа байгуулсан юм.
2020 онд олон улсын барилгын салбарын конвенцод нэгдэж орсон. Улсын хэмжээнд барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 100 гаруй байцаагч ажиллаж байна.
Тэд аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор туслан дэмждэг.
Монгол Улсын хэмжээнд 2018-2022 онд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа амь нас үрэгдсэн 213, хүнд гэмтсэн 765, хөнгөн гэмтсэн 646 гээд нийт 1,624 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн байна. Нийт осолд өртсөн хүмүүсийн 13.1% нь нас баржээ.
2023 оны гуравдугаар улирлын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 144 тохиолдол бүртгэгдсэнээс барилгын салбарт 10 гаруй хувийг эзэлж байна гэсэн тоон мэдээлэл гарсан. Үүнээс үзэхэд барилгын салбарт үйлдвэрлэлийн осол төдийлөн буурахгүй байгаа учир ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тавигдаж байна.
Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ихэнх ААН, компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг мөрддөггүй, ажилтан, алба хэлтсийг зохих орон тоогоор ажиллуулдаггүй, орон тооны тогтвортой ажилчид байхгүй, олон чиглэлээр түр зуурын туслан гүйцэтгэгч ажиллуулдаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд хөрөнгө зардал гаргахгүй байгаа нь үйлдвэрлэлийн ослын гол шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд дүгнэлээ.
Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа барилгын салбарынханд ажиллах хүч хүрэлцээ муу, КОВИД-оос шалтгаалан эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд тулгарч, барилгын ажлуудыг зогсоосон байсныг ойлгож байгаа. 2024 оны төсөвт өмнө зогсоосон ажлуудаа үргэлжлүүлэхээр тусгасан" хэмээн ярилаа.
Тэрбээр тухайн ажлын байран дээр аюул осол гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг барилгын салбарынханд уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!