ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Өлзийбат: 174 хувийн байгууллага жилд 240 мянган тонн түүхий нүүрс түлдэг нь агаарын бохирдолд нөлөөлж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга гаруй өрх айл галлагаагаа эхлүүлэхэд агаарын бохирдлын асуудал нэн тэргүүнд яригддаг билээ. 

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулах, худалдан борлуулахыг хориглосон. Үүнтэй холбогдуулан "Тавантолгой Түлш" ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлээд таван жил болж байна.

Иргэд олон нийтийн сүлжээгээр сайжруулсан шахмал түлш хэрэглээд ч агаарын бохирдол буурахгүй, угаарын хий үүсгэж байна хэмээн шүүмжилсээр байна. Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшний технологид өөрчлөлт орсон эсэхийг "Тавантолгой түлш" ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбатаас тодрууллаа. 

Тэрбээр "Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш үндсэн түүхий эдээр "Энержи Ресурс" ХХК-ийн угааж баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох мидлингийг ашиглаж ирсэн. 2018 оноос хойш одоог хүртэл мидлинг, барьцалдуулагч хоёрыг солиогүй үйлдвэрлэж байгаа. 

Барьцалдуулагч нь ургамлын гаралтай цардуул бөгөөд шахмал түлшний 4-5 хувьд л ордог. Харин шатаж дууссаны дараа эрдэс шаврууд үлдэнэ. Ургамлын гаралтай органик цардуул нь шаталтад орохоороо нүүрсхүчлийн хий үүсгэдэг. Хүмүүсийн хэлээд буй "угаарын хий үүсгэж байна" гэсэн ойлголт нь маш буруу. 

Өрхүүдийн одоо ашиглаж буй түлш нь 2019 оныхтой яг ижилхэн байгаа гэсэн үг. Холбогдох албаны хүмүүс өдөр бүр түлшнээс дээж авч мэргэжлийн лабораториудад чанарыг нь хянадаг. 

Цар тахлын жилүүдэд айлууд сайжруулсан түлшийг хэвийн түвшинд хэрэглэж байсан. Гагцхүү хөдөлгөөн хоригдсон учраас машины утаа байхгүй болсон. Ер нь агаарын бохирдлын 51 хувийг сайжруулсан шахмал түлш эзэлдэг.

2019 онд нийслэлийн хэмжээнд 300-400 мянган тонн түлшийг айл өрхүүд хэрэглэж байсан. Харин энэ онд 600 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ. Одоогийн байдлаар 104 мянган тонны нөөцтэй байна.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол бүрэн утгаараа хэрэгжихгүй байгаа. Учир нь нийслэлд буй 174 аж ахуйн нэгж (ААН) жилд 240 мянган тонн түүхий нүүрс түлдэг. Зуух нь дунд оврынх учраас сайжруулсан түлш түлэх боломжгүй. 

Түүхий нүүрс нь сайжруулсан шахмал түлшнээс хоёр дахин муу үзүүлэлттэй. Эдгээр ААН нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй 500 мянган айл өрхтэй дүйцэх хэмжээний утаа ялгаруулдаг гэсэн үг. 

Агаар бохирдуулагч хүчин зүйлд ААН-үүдийн дунд оврын зууханд түлэгдэж буй түүхий нүүрс маш ихээр нөлөөлж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 

Өнгөрсөн хавар манай компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв нийслэлийн гэр хорооллын 192 мянган айл өрхөөс зуухны судалгаа авсан. Судалгаагаар 82 мянган айл өрх нь чанарын шаардлага хангахгүй, энгийн зуухтай. 43 мянган айл өрх нь ханан пийшингээ солих шаардлагатай гэсэн үр дүн гарсан.  

Улаанбаатарын нийт гэр хорооллын айл өрхүүдийн 63 хувь нь зуухны шаардлага хангахгүй байгаа юм. Тэгэхээр иргэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийх ёстой ажлууд ч байна. 

Мөн сайжруулсан түлш худалдан авч чадахгүй учраас төрөл бүрийн зүйл түлдэг 20 мянга гаруй айл өрх байгаа. Эдгээр айл өрхийг нийслэлээс бодлогоор дэмжиж сайжруулсан шахмал түлш хэрэглүүлэх хэрэгтэй" хэмээн ярилаа.