Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хотын хагас сар хэрэглэх усыг аравхан барилгын компани шавхан зайлуулж байна"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 11 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Усны газраас нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдол болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Усны газрын дарга З.Батбаяр "Бидний гаргасан дүгнэлтээр барилгын 10 компани ганцхан сарын дотор 2 сая метр куб усыг шавхан зайлуулж байна. Гэтэл Ус сувгийг удирдах газар жилд 48 сая метр куб усыг Улаанбаатарт нийлүүлдэг. Хотын хагас сар хэрэглэх усыг аравхан компани зайлуулж байна. 

Иймд эдгээр компаниудад газар доорх усыг ил гаргаж байгаа учраас усны ашиглалт гэж үзэж их хэмжээний төлбөр ногдуулах ёстой. Мөн нэгэнт төлбөр төлөөд усаа ил гаргасан бол тэр усаа ашиглах боломжийг гаргах хэрэгтэй. 

Цаашдаа барилгын компаниуд дүгнэлт гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулбал усыг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэж төлбөр, торгууль, хохирол нэхэмжилнэ. 

Улаанбаатар хотод байгаа 600,000 гаруй автомашин сард нэг удаа угаалгадаг гэж бодвол нэг машиныг 250 литр орчим усаар угааж байгаа. Иймд машин угаалгын газрууд сарын дотор 2 сая метр куб хөрсний ус зайлуулж буй барилгын компаниудаас ус авах бүрэн боломжтой" гэв. 

"Зусланд байгаа эзэнгүй, цоожтой жорлонгуудыг устгавал хотын жорлонгийн тоо 20 хувиар буурна"

Үргэлжлүүлэн тэрбээр жорлонгоос үүдэлтэй усны бохирдлын талаар дараах мэдээллийг өглөө. 

"Иргэдийн ашиглаж байгаа жорлон стандартад нийцэж байна уу, үгүй бол ямар хохиролтой гэдгийг жорлонгийн тооллогоор ард иргэдэд ойлгуулна. Зусланд байгаа эзэнгүй, цоожтой жорлонгуудыг устгаж чадвал Улаанбаатар хотод байгаа жорлонгийн тоог 20 хувиар буулгана. 

Улаанбаатар хотын голын хамгаалалтын бүсэд байгаа  2,900 хашаа 2,400 барилга бүгд нурах ёстой. Тэр 2,900 хашаанд болгонд жорлон байгаа учраас Сэлбэ голыг бохирдуулж байгаа юм. 

Түүнчлэн Туул голын бохирдлын гол эх үүсвэр нь Төв цэвэрлэх байгууламж болчхоод байна. Иймд тэнд очиж байгаа бохир усны хэмжээг багасгах хэрэгтэй" гэлээ. 

Усны газраас ирэх оны гуравдугаар сарын 22-ны өдөр жорлон, машин угаалгын газар, үйлдвэрүүдийн цэвэр усанд нөлөөлж байгаа нөлөөллийг тогтоох аж. 

Мөн Монгол Улсын хэмжээнд бүх байгууллагуудын ашиглаж буй усны хэмжээ олон нийтэд нээлттэй болох ёстой гэв.