Аргентины улс төрд “гаднын хүн” гэгддэг либертари эдийн засагч Хавьер Милей өчигдөр болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь тодорхой болжээ.
Албан ёсны дүнгээс харвал тэр сонгогчдын 56 орчим хувийн саналыг авч, одоогийн засгийн газрын эдийн засгийн сайд, Перонист намын улс төрч Сержио Массагаас илүүрхсэн байна.
Буэнос-Айрес хотын гудамж талбайд Милейг дэмжигчид олноор цугларч, улс төрийг элитүүдээс цэвэрлэх түүний сонгуулийн уриаг давтацгааж байна.
Милей улс орныхоо гүн хямарсан эдийн засгийг цочир аргаар эмчлэхийг амлаж байгаа.
Түүний төлөвлөгөөнд төв банкийг татан буулгах, песог халж, ам.долларыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох, зардлыг танах зэрэг эрс шийдэмгий алхмууд багтаж байна.
Аргентины засгийн газрын данс улайж, Олон Улсын Валютын Сантай $44 тэрбумын өрөө хэрхэх талаар хэлэлцэж, инфляцын хэмжээ нь 150 хувьд хүрээд байгаа.
Улс орноо өрөнд оруулж, эдийн засгийн гүн хямралд унагасан Перонистуудаас салах Аргентины иргэдийн сонголтыг “хоёр чөтгөрийн арай дээрийг нь сонгох” гэж нэрлэж байна.
Милейн нэр хүнд төрсөн цагаасаа хойш хямралаас хямралын хооронд амьдарсан Аргентины залуу үеийнхний дунд өндөр байгаа.
Милейн ялалт Аргентины улс төрөөс гадна олон улсын харилцаанд ч бас нөлөөлж болзошгүй юм.
Тэрбээр Хятад, Бразил улсуудыг байнга шүүмжилж, тэднийг “коммунистууд” хэмээн муулдаг байв. Харин АНУ-ыг гол холбоотноо гэж үзэж байгаа.
Хэдий тийм ч Аргентины том хөрш Бразил улсын зүүний үзэлт ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Сильва түүнд баяр хүргэж, амжилт ерөөсөн юм.
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп бас Милейд баяр хүргэж, Аргентиныг дахин хүчирхэг болгох зорилгод нь амжилт хүссэн байна.
Харин Колумб улсын зүүний үзэлт ерөнхийлөгч Густаво Петро бүс нутагт нь “эмгэнэлт өдөр” тохиож буйд харамсал илэрхийлжээ.
Телевизийн тоймч асан, эдийн засагч 53 настай Милей тус улсын зүүн, барууны хоёр гол намын нэр дэвшигчдийг ялж, Аргентины улс төрд “цахиур хагалж” байна.
“Энэ сонгуулийн үр дүн Аргентины улс төрийн тогтолцоонд гүнзгий хагарал гарсныг харуулж байна” гэж Observatorio Electoral судалгааны хүрээлэнгийн захирал Хулио Бурдман ярьжээ.
Милей нь бас үр хөндөлтийг тууштай эсэргүүцэгч, галт зэвсгийн хэрэглээг чөлөөтэй болгохыг дэмжигч, нутаг нэгт Ромын Папыг шүүмжлэгч нэгэн юм.
Тэрбээр сонгуулийн кампанит ажилдаа өөрийн мөрийн хөтөлбөрийн бэлгэдэл болгон цахилгаан хөрөө авч явдаг байсан бол сүүлийн өдрүүдэд имижээ зөөлрүүлэхийн тулд үүнийгээ больсон байна.
Аравдугаар сард болсон сонгуулийн эхний шатанд Милей консерватив хүчний нэр дэвшигчийг өрсөлдөөнөөс гаргаснаар дэмжигчдийн тоогоо өсгөж чадсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!