Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск “хиймэл оюуны эрсдэл өндөр тул OpenAI компанийн захирал яагаад халагдсаныг олон нийт мэдэх ёстой” гэв

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Сэм Олтмэн, Илон Маск нар

Хиймэл оюуны технологийн аюул эрсдэл өндөр тул энэ салбарын дэлхийд тэргүүлэгч компанийн гүйцэтгэх захирал яагаад халагдсаныг олон нийт мэдэх ёстой гэж үзэж байгаагаа тэрбумтан Илон Маск илэрхийлжээ.

Баасан гарагт ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компанийн удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирал Сэм Олтмэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.

Түүний “компанийг удирдах чадварт цаашид итгэх боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр шийдвэрийг гаргаснаа тайлбарласан байна.

Yammer компанийн гүйцэтгэх захирал асан Дэвид Сакс өөрийн X хуудсанд энэ талаар байр сууриа илэрхийлж бичсэнд Илон Маск хариулахдаа “Хиймэл оюуны дэвшилтэт технологийн эрсдэл, хүч чадлыг харгалзан үзээд удирдах зөвлөл яагаад ийм хатуу шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзсэн шалтгаанаа олон нийтэд мэдээлэх ёстой” гэж бичжээ.

Маск нь OpenAI компанийн удирдах зөвлөлийн гишүүн байснаа Тесла компанийн бизнестэй ашиг сонирхлын зөрчил үүссэн шалтгаанаар 2018 онд гарсан юм.

Одоо тэр өөрөө “generative” төрлийн хиймэл оюуны чиглэлээр ажилладаг компани байгуулан ажиллаж байгаа. Тиймээс OpenAI компанид үүссэн тогтворгүй байдал Маскийн хувьд ашигтай байж болзошгүй юм.

Сэм Олтмэнийг огцруулах шийдвэр нь OpenAI компанийн удирдлагын хүрээнд хиймэл оюуны аюул эрсдэлийн талаар санал зөрөлдөөн үүссэнтэй холбоотой байх магадлалтай.

Олтмэн бол технологи хөгжүүлэлтээ улам эрчимжүүлэхэд анхаарал тавьдаг захирал. Харин төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүд эрсдэлээс сэргийлэхэд илүү хүчин чармайлт тавих ёстой гэж үзэж байж болзошгүй.

Тухайлбал OpenAI компанийг үүсгэн байгуулагчдын нэг Илья Суцкевер хиймэл оюуны учруулж болзошгүй аюулд тун болгоомжтой ханддаг нэгэн юм. Олтмэнийг огцруулахад түүнийг гол үүрэг гүйцэтгэсэн гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

Суцкевер өмнө нь ChatGPT платформын цаашдын хөгжүүлэлт хүн төрөлхтөнд аюул занал учруулахаас сэргийлж ажиллах үүрэгтэй “Super Alignment” (Супер нийцэл) нэртэй багийг OpenAI компани дотор байгуулж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider