2024 онд ОХУ-д зохион байгуулагдах Дэлхийн Найрамдлын Наадам спортын арга хэмжээнд оролцсон тамирчид хоригт орох эрсдэлтэйг WADA буюу Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Агентлагийн ерөнхийлөгч Витольд Банка өчигдөр анхааруулжээ.
“Дэлхийн Найрамдлын Наадам гэх арга хэмжээ ирэх онд ОХУ-д зохион байгуулагдах гэж байна. Сэргээштэй тэмцэх байгууллагынхаа хувьд бид үүнд маш их эргэлзэж байгаагаа анхааруулж байна. Арга хэмжээг энэ талын дүрэм журмыг дагадаггүй улс зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ үеэр сэргээшийн эсрэг ямар хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх талаар бидэнд ямар ч мэдээлэл алга. Оросын сэргээшийн эсрэг байгууллага стандартын шаардлагыг хангаагүй хэвээр байгаа тул тэмцээнд оролцох тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй гэж бид үзэж байна. WADA-гийн дүрмийг дагадаг улс орнуудын тамирчид энэ арга хэмжээнд оролцвол тодорхой үр дагавар амсаж болзошгүй юм” гэж тэр хэлсэн байна.
Анх 1984 оны Лос-Анжелесын зуны олимпын наадмыг улс төрийн шалтгаанаар бойкотлосон социалист орнууд “Дружба” нэртэй спортын арга хэмжээг хамтран зохион байгуулж байжээ. Тухайлбал энэ арга хэмжээний самбо бөхийн тэмцээн Монгол улсын нийслэлд зохион байгуулагдаж байсан гэдэг.
Тэгвэл Украины дайны улмаас олон улсын дарамт шахалтад орсон ОХУ-ын эрх баригчид энэ арга хэмжээг Дэлхийн Найрамдлын Наадам нэрээр дахин зохион байгуулах шийдвэр гаргасан юм.
Наадам 2024 оны есдүгээр сарын 15-29-ний өдрүүдэд Москва, Екатеринбург хотуудад зохион байгуулагдахаар болжээ.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!