Ажиллах хүчний судалгааны оны эхний 10 сарын байдлаарх үр дүнг харвал манай улсад 15 ба түүнээс дээш насны хүн амын 1.3 сая буюу 53.8 хувь нь ажиллах хүч байна.
Үүний 1.2 сая нь ажиллагчид, 66 мянга нь ажилгүй иргэд байгаа юм.
Ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг салбараар нь авч үзвэл хамгийн их ажилтантай нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон загас барилт байна. Энэ салбарт бараг 300 мянган хүн ажиллаж байна.
Харин өмнөх оноос хамгийн их өөрчлөлт орсон салбарууд нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ ба боловсрол байна. Эдгээр салбарын ажиллах хүч дунджаар 14 мянгаар нэмэгджээ.
Хамгийн их буурсан нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбар бөгөөд ажилтнууд нь өмнөх оноос 10.2 мянгаар цөөрсөн байна.