Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Эрдэнэмөнх: QPay системийг нэвтрүүлсэн “Инновэйшн Инвестмент" компани олон нийтэд 20%-аа санал болгож байна

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 11 сарын 20
ikon.mn
Зураг зураг

Монголын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay үйлчилгээг нэвтрүүлсэн “Инновэйшн Инвестмент" ХХК-ийн анх удаа нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг Санхүүгийн Зохицуулах Хороо бүртгэх шийдвэр гаргаад буй.

Иймд шинээр гарах гэж буй IPO-н онцлог, хөгжлийн төлөвлөгөөний талаар Дижитал шийдэлд хөрөнгө оруулагч “Инновэйшн Инвестмент" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнхтэй ярилцлаа.



- Энэ өдрийн мэндийг хүргэе. QPay гэхээр мэдэхгүй хүн бараг байхгүй болтлоо танигдсан тус үйлчилгээг нэвтрүүлсэн компани IPO хийх болсон нь сонирхолтой санагдаж байна. Гэхдээ энэ яриа руу орохоос өмнө уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу. Миний хувьд Австрали улсад 2017 он хүртэл 10 орчим жил амьдарч, бакалаврын зэрэг болон олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр тус тус магистрын зэрэг хамгаалаад, багшаар ажиллаж байгаад Монголдоо ирсэн. 2019 оноос QPay үйлчилгээний хамт олонтойгоо нэгдсэн бөгөөд хоёрдугаар сард Бизнес хөгжил хариуцсан захирлаар ажилд орж байсан. Мөн тус оны 7-р сараас эхлэн "Инновэйшн Инвестмент" ХХК-ийн охин компани болох ККТТ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн.

- IPO-г яг аль компани дээрээ гаргаж байгаа вэ?

- "Инновэйшн Инвестмент" ХХК-ийн хувьд холдинг бүтэцтэй ажилладаг бөгөөд саяхан IPO хийх зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос аваад байна. ККТТ ХХК нь QPay үйлчилгээ үзүүлэгч компани бөгөөд өөрөө IPO хийх боломжтой байсан ч бүх төслийн өгөөжөөсөө хөрөнгө оруулагчдад хуваалцахаар шийдсэн хэрэг. Иймээс толгой компани дээрээ IPO хийхээр болсон. 

QPay үйлчилгээ нь 2016 оноос демо хэлбэрээр хөгжүүлэгдэж, 2017 оноос зах зээлд нэвтрэн ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн Банк, Хас банктай хамтарч ажиллаж эхэлсэн. Хамгийн сүүлд буюу 2023 оны есдүгээр сард Голомт банктай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, үйлчилгээ маань арилжааны бүх банкнуудад нэвтэрсэн юм. Тодруулбал SocialPay нь Голомт банкны өөрсдийнх нь гаргасан төлбөр тооцооны хэрэгсэл гэдгийг та бүхэн мэднэ. Одоо бол SocialPay хэрэглэгчид маань QPay-ээр өдөр тутамдаа төлбөр тооцоогоо хийгээд явах бүрэн боломжтой болсон байгаа.

- Танай компанийн үндсэн үйл ажиллагааны хэдэн хувийг QPay эзэлдэг вэ? 

QPay үйлчилгээ нь 80 орчим хувийг эзэлдэг. Компанийн хувьд өөрсдөө нийт 40 гаруй системийг ажиллуулдаг бөгөөд бүх хөгжүүлэлтийг өөрсдөө хийдэг. Эдгээр системүүдийг банк, мерчант байгууллагууд болон харилцагч нар өдөр тутамдаа ашиглаж, санхүү төлбөр тооцооны асуудлаа бүрэн шийдэж байна.

QPay-д хадгалагдаж байгаа мэдээллүүд зөвхөн гомдол, маргаан шийдвэрлэлт дээр ашиглагдана. Түүнээс биш бид хэрэглэгчийн дата аналитикийн мэдээлэл цуглуулдаггүй. Одоо бол хэрэглэгчийн нууцлал аюулгүй байдал гэх зүйл хамгийн чухал болсон. Нөгөө талд найдвартай аюулгүй ажиллагаа чухал.

- QPay гэхээр мэдэхгүй хүн гэж байхгүй. Одоогоор хэчнээн хэрэглэгчтэй болоод байгаа вэ?

Манай нийт хэрэглэгчийн хамрах хүрээ давхардсан тоогоор 3.2 сая болсон байна. Мерчантын тооны хувьд 200 гаруй мянган жижиг бизнес эрхлэгч бий. Мөн 14 мянга гаруй системийн холболттой харилцагч байна.

Системийн холболттой харилцагчид гэдэг нь "CU", "Номин" зэрэг дэлгүүрт төлбөр төлөхөд QR код гарч ирээд QPay-ээр төлөх боломжийг олгож байгааг хэлж байгаа юм. Үндсэндээ дотоодын бүх хэрэглэгчээ хангах хүрээнд бизнесээ өргөжүүлэн ажиллаж байна. 

Бид зах зээлд байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөөс илүүгээр өөрсдийн шинэ зах зээлийг бий болгож, түүндээ тууштай ажиллаж яваа. 

- QPay үйлчилгээний давуу талыг юу гэж хэлэх вэ? 

Өнөөдөр дижитал шилжилт гээд төр, хувийн хэвшлийнхэн бүгд л ярих боллоо. Технологийн бүх бизнесүүд аппликэйшн болон интернэт суурьтай болж байна. Ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ 100 хувь цахимжсан ч төлбөр тооцооны асуудлыг 100 хувь шийдэхгүй л бол технологийн үйлчилгээ гэж хэлэхэд хэцүү.

QPay үйлчилгээ нь Монгол Улсын хэмжээнд дотооддоо хөгжүүлсэн хамгийн анхны QR бэлэн бус төлбөр тооцооны үйлчилгээ.

Тэгэхээр бид бүх технологийн бизнесүүдэд болон дижитал шилжилтэд үндсэн дэд бүтцийн суурийг тавьж өгсөн гэж хэлж болно.

График. QPay гүйлгээний зах зээлд эзлэх хувь /гүйлгээний тоогоор/

- Энэ жил өмнөх жилүүдийг бодвол банкнуудаас эхлээд олон IPO хийгдсэнийг та бүхэн мэднэ. Амжилттай болсон нь ч бий. Гэхдээ амжилтгүй болсон нь нэлээдгүй байсныг мэргэжлийнхэн хэлж байгаа. Танай IPO юугаараа онцлог байх вэ? 

- Банкны хувьд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргаж байгаа нь хэдэн их наяд төгрөгөөр үнэлэгдэж гарч байгаа.

Харин манай IPO банктай харьцуулбал бага. Жижиг хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа компани, дээрээс нь өргөн хэрэглээтэй. Манай хувьцааг худалдаж авч буй бүх хүн QPay гэхээр мэдээд зогсохгүй ашигладаг. Тухайн хэрэглэгчдийн нэгж бүрийн гүйлгээ төлбөр тооцоо нь компанийн орлого, ашиг болоод эргээд хувьцааны ногдол ашиг болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрэглээгээрээ өөрсдийнхөө хувьцааны ногдол ашгийг өсгөх боломжтой бүтээгдэхүүн болж байгаа онцлогтой.

“Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй харин технологийн үйлчилгээ үзүүлдэг компани”

Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын IPO хийгдлээ гэж бодоход тухайн бүтээгдэхүүний борлуулалтаас ашиг нь хамаарна. Манайх эсрэгээрээ иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маяг болчихсон үйлчилгээ учраас иргэд хувьцааг нь авчхаад бүр илүү л хэрэглэнэ гэсэн үг.

"QPAY БОЛ ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ХЭМЖЭЭНД БОЙЖСОН СИСТЕМ"

зураг
 

- Хэчнээн төгрөгийг татан төвлөрүүлэх вэ, үнэт цаастай холбоотой мэдээллийг өгөхгүй юу? 

- Олон нийтэд компанийнхаа 20 хувийг санал болгож байгаа ба нийт 8.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Хувьцааны талаарх мэдээллийг олон нийтэд таниулах, сурталчлах арга хэмжээ нь хуулийн дагуу өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид 2023.11.20-12.03 хүртэл урьдчилсан захиалга өгөх боломжтой. Харин IPO буюу анхдагч зах зээлийн арилжааг 2023.12.04-12.08 хооронд явуулах зөвшөөрлөө зохицуулагч байгууллаас авсан байгаа.

IPO-н үндсэн андеррайтераар Ulzii & Co, туслах андеррайтераар InvesCore Capital ҮЦК-ууд ажиллаж байна. Хувьцааны талаарх бүх төрлийн мэдээллийг андеррайтер компаниудын албан ёсны сувгуудаас гадна https://ipo.i-investment.mn/ холбоосоор орж авах боломжтой.

зураг
 

Стратегийн хөрөнгө оруулагчид эхнээсээ гарч ирж байна. Компанийн хувьд одоо 16 хувьцаа эзэмшигчтэй, гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бүртгэлтэй.

- Бэлэн мөнгөний хэрэглээ бүрэн халагдаж байна. QR кодыг төлбөрийн системтэй холбох санаа анх яаж гарч ирж байсан бэ?

2016 онд Хятадын эдийн засаг хурдацтай өсөж, Wechat, Alipay зэрэг үйлчилгээ гарч ирсэн. Манай улс урд хөршөөс импортын хамааралтай болохоор Wechat-аар төлбөр тооцоо гүйцэтгэх нь хялбар юм байна гэдэг мэдээлэлтэй болсон. Бид үүнээс бага хүн амтай улсад QR кодоор төлбөр тооцоо гүйцэтгэхэд нэвтрэх чадвар сайн гэж харсан. Дээрээс нь хэрэглэгчид банк суурьтай хэрэглэгчид байдаг. 

Тиймээс бид банктай хамтарч ажиллаад банк суурьтай төлбөр тооцооны системийг хүргэвэл илүү олон хэрэглэгчийг хамрах юм байна гэж мэдсэн. Банкнууд нь Монгол улсын бүх нутаг дэвсгэрт салбартай байх жишээтэй. Бид хамтын ажиллагааны давуу тал, итгэлцэл, нууцлал аюулгүй байдал, үйлчилгээний чанарт тулгуурлаад одоог хүртэл QPay гэдэг үйлчилгээг орон даяар хүргэж чадсан ганц байгууллага болсон.

QR код нь дэд бүтцийн хувьд хамгийн хямдаар шийдэх боломжтой систем. Тиймээс сонгосон. Бид ямар нэгэн тоног төхөөрөмж нийлүүлдэггүй, цаасны болон пластик хог хаягдал гаргадаггүй.

- Танай компанийн дараагийн хөгжлийн төлөвлөгөө юу вэ?

“Инновэйшн Инвестмент” ХХК нь технологийн хөрөнгө оруулалтын компани бөгөөд төслийн онцлогоос хамааран зөвхөн санхүүжилт бус мэргэжлийн зөвлөгөө, удирдлага, инженерийн ажиллах хүчин, шийдэл зэрэг мэдээллийн технологийн салбарт амжилт гаргахад шаардлага бүхий хүмүүн капиталаар хөрөнгө оруулдаг.

Ашигт ажиллагааны үзүүлэлтээс харвал 2023-2027 онуудын цэвэр ашгийн ахиц болон өөрийн хөрөнгийн өгөөж дунджаар тус бүр 42%-тай байх төсөөлөлтэй байна. Мөн 2023-2027 оны дунд хугацааны төсөөллөөр борлуулалтын орлого жилд дунджаар (CAGR) 32%-аар өсөх төсөөлөлтэй байгаа.

Түүнчлэн одоо бид хэрэглэгч төлбөрөө төлөхөд илүү хурдан, шуурхай, бага цаг зарцуулдаг шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

- Босгосон хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

Дараах чиглэлд зарцуулахаар төлөвлөж байна. Үүнд,

  • Одоогийн зах зээл дэх үйл ажиллагаагаа тэлнэ. 
  • Олон улсын зах зээлд гарах бэлтгэл ажлыг хангаж, боломжийг эрэлхийлж үйлчилгээгээ хоёр төрлөөр нэвтрүүлнэ. Гаднын байгууллага, үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран хувь эзэмшиж тухайн газар оронд үйлчилгээгээ нэвтрүүлэх. Эсвэл тухайн эко системээ борлуулах гэсэн хоёр стратеги байдаг. Зүүн өмнөд Азийн зах зээлийг сонирхож байгаа ба төв азийн зах зээлд ч QR төлбөр тооцоо хийгдэх боломжтой. Төв Азийн зах зээлийн одоогийн нөхцөл байдал нь QR төлбөр тооцоог Монголд анх 2017 онд нэвтрүүлж байсан үеийнхтэй адилхан байгаа тул боломж байна гэж харсан.
  • Дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулна.
  • Нийгмийн дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийхэд зарцуулна.

QPay бол гаднын зах зээлд ажиллах боломжтой хэмжээнд бойжсон систем. Яагаад Монголоос төлбөр тооцооны системээр гаднын зах зээлд тоглогч байж болохгүй гэж. Бид 2027 он гэхэд Сингапур, Япон, Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийх зорилготой ажиллаж байна. 

зураг
 

- Ярилцсанд баярлалаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.