Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Уранцоож: Таны цалин хоол, хувцас, орон байр, эрүүл мэнд зэрэг наад захын хэрэгцээнд хүрэлцэх ёстой

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний эрхийн форумаас "Бизнес ба хүний эрхийн харилцан хамаарал: Бизнес ба хүний эрхийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт ямар байна вэ?" сэдэвт хэвлэлийн бага хурлыг Монгол Ньюс төвд өнөөдөр зохион байгууллаа. 

Мэдээллийн эхэнд "Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 оны зургаадугаар сарын 16-ны тогтоолоор бизнесийн үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө, хүрээг тодорхойлсон 31 зарчим бүхий Бизнес хүний эрхийн удирдах зарчмууд баримт бичгийг баталсан.

Үүнд бизнесийн үйл ажиллагааны улмаас хүний эрхэд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх үр дүнтэй механизм бий болгох талаар төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон байдаг.

2023 оны зургаадугаар сарын 14-ний Засгийн газрын тогтоолоор бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны 2023- 2027 оны төлөвлөгөөг баталсан Ази номхон далайн бүс нутгийн дөрөв дэх орон болсон.

Уг төлөвлөгөөний хэрэгжилтийг төрийн холбогдох яам, агентлагууд арванхоёрдугаар сарын 1-ний дотор Хүний эрхийн үндэсний хороонд тайлагнах хууль эрх зүйн үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн форумаас иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа.  

Бизнес ба хүний эрхийн төлөвлөгөөтэй холбоотойгоор Хүний эрхийн форумын зүгээс 16 яам болон

  • Түгжрэлийг бууруулах үндэсний хороо
  • Засгийн газрын тохируулагч долоон агентлаг
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч 26 агентлагаас салбарын төлөвлөгөөг баталсан эсэх, үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2023 онд төлөвлөсөн ажил, төлөвлөсөн төсвийн биелэлттэй холбоотой мэдээллийг гаргуулж авахаар хандсан" гэдгийг Монголын Эмнести Интернэшнлийн Өсөлт хөгжил хариуцсан зохицуулагч Г.Сүхбат танилцууллаа. 

"Асуудалд мэдлэгтэй, мэдээлэлтэй, хамтаараа шаардах чадавхтай болгохын тулд бизнес ба хүний эрхийн төлөвлөгөө чухал"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний эрхийн хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож хэлэхдээ "Уламжлал ёсоор хүний эрхийг хангах, хамгаалах, хэрэгжүүлэх үүргийг төр хүлээдэг. Төрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлж өгсөн хүний эрхийн гэрээ, конвенцууд гэх мэтчилэн олон зүйлс байдаг. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд төрд хандаж ажилладаг.

1990-ээд оны эхээс зөвхөн Монголд ч биш, дэлхийн улс орнуудад хувийн сектор дахь хүний эрхийн асуудлыг анхаарах болсон. Өөрөөр хэлбэл төрийн бус этгээд хүний эрхийг их зөрчиж байна гэдэг дүгнэлт хийсэн байдаг.

Төрийн бус этгээд гэдэг нь хувийн хэвлийн янз бүрийн ААН, байгууллага эсвэл улс дамнасан корпорацуудын асуудал ч орж ирдэг.

Ялангуяа үндэстэн дамнасан корпорацуудын хэрэгжүүлж байгаа хөгжлийн том төслүүд нь хүний эрхийн зөрчлийг авчирдаг юм байна. Байгаль орчинтой холбоотой эсвэл тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдтэй холбоотой хүний эрхийн асуудлуудыг дурдаж болно. 

Бизнес ба хүний эрхийн үйл ажиллагаа нь хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгонд хамаатай. Хамгийн түрүүнд таны авч байгаа цалин амьжиргаанд нь хүрэлцэж байна уу? гэх асуулт гарч ирнэ. Энэ бол зохистой ажлын байрны асуудал. Ийм учраас хөдөлмөр эрхлэгчид хувийн эсвэл төрийн байгууллагад ч байна уу хамаагүй цалин хөлс нь өөрийнх нь амьжиргааны наад захын түшинд хүрэх ёстой.

Наад захын түвшин гэдгийг тодруулбал хамгийн түрүүнд хоол хүнс, хувцас, орон байр, хүүхдийнх нь боловсрол, гэр бүлийнх нь эрүүл мэндийн асуудал энэ бүхэнд хүрэлцэж байна уу. Дээр дурдсан үндсэн хэрэгцээнүүдийг хангах цалингийн асуудал гарч ирдэг.

Хүний эрхийн форумаас хөдөлмөрийн үнэлэмж, тариф,  гэрээ болон хувийн салбар дахь ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллагын асуудал зэргийг дэвшүүлдэг. Газар дээр хэрэгжүүлэх ажилд маш их анхаарах хэрэгтэй. Ажил хийж байгаа хүн болгон энэ төлөвлөгөөг мэддэг байх ёстой. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд тухайн байгууллага дотроосоо л эхлэх ёстой шүү дээ.

Тодруулбал

  • Ажлын цаг боломжийн байна уу?
  • Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах нөхцөл бололцоо бий юу, үгүй юу?
  • Цалин маань амьдралд хангалттай хүрэлцэж байна уу? гэх мэтчилнээр бүх асуудлаа ойлгодог, мэддэг байх нь чухал" гэлээ. 

Мөн тэрбээр "Хүний эрхийн олон улсын хэм хэмжээний үүднээс миний хөдөлмөрлөх эрх, зохистой ажлын байртай байх эрх, амьдрах эрх хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгээ үнэлдэг байх нь чухал.

Энэ дагуу шаардлага тавьдаг, ажилчид хоорондоо нэгддэг, эрх ашгаа хамгаалдаг, хөдөлмөрийн гэрээг хянаж үздэг байх.

Хэрэв асуудал тулгарвал гомдол гаргах механизм нь ажлын байранд байгаа эсэх тухайн механизм нь сайн ажиллаж чадаж байна уу гэх мэтчилэн асуудалд мэдлэгтэй, мэдээлэлтэй, хамтаараа шаардах чадавхтай болгохын тулд бизнес ба хүний эрхийн төлөвлөгөө байгаа чухал. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бүгд хүчин зүтгэх хэрэгтэй байна" гэлээ.