Месси ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан хоёр тамирчны нэг боллоо
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн эхний тоглолтууд үргэлжилж байна.
Дөрвөн жилийн өмнө Катарт алтан цом өргөсөн Аргентины шигшээ баг өнөөдөр Африк тивийн Алжирын багтай хүч үзэв.
Канзас Сити хотод болсон энэ тоглолтод Л.Месси тэргүүтэй аваргууд өрсөлдөгчөө 3:0-ээр илүүрхлээ.
Өдгөө 38 настай Месси энэ тоглолтод хет трик толилуулж, ДАШТ-ий түүхэнд хамгийн олон гоол оруулсан Германы довтлогч асан Мирослов Клозегийн 16 гоол оруулсан амжилттай зэрэгцлээ.
Клозе 2002 оноос хойш дөрвөн дэлхийн аваргад оролцохдоо 16 гоол оруулсан бол Месси 2006 оноос хойш зургаа дахиа оролцож буй.
Месси ДАШТ-д оруулсан 16 гоолынхоо 12-ыг нь солгой хөлөөрөө гүйцэтгэсэн бол үлдсэнийг нь баруунаараа цохиж оруулжээ.
Түүнчлэн зургаан гоол нь торгуулийн цохилтын бүсээс гадна оруулсан бол дөрвөн удаа торгуулийн цохилтоор эсрэг багийн хаалгыг мялаасан байна.
Тэрбээр таван дэлхийн аваргад гоол оруулсан амжилтаараа Криштиану Роналдугийн хамт бичигдэж буй. Харин 38 нас 357 хоногтойдоо ДАШТ-ий нэг тоглолтод хоёр ба түүнээс олон гоол оруулсан хамгийн ахмад хөлбөмбөгчин болжээ. Түүнээс өмнө Камеруны хөлбөмбөгчин Рожер Милла 38 нас, 34 хоногтой уг амжилтыг эзэмшиж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
