Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хорватын сайд Германы сайдыг үнсэж, эвгүй байдалд оруулсандаа уучлал гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны чуулганы үеэр Хорват улсын гадаад хэргийн сайд Герман улсын гадаад хэргийн сайд эмэгтэйтэй мэндэлснийхээ дараа үнссэн нь зохимжгүй үйлдэл болсныг олон хүн шүүмжилж байна.

Пүрэв гарагт Берлин хотод болсон Европын Холбооны гадаад хэргийн сайд нарын чуулганы үеэр энэ үйл явдал болсон юм.

Хорватын гадаад хэргийн сайд Гордан Грлич Радман ямар шалтгаанаар Германы гадаад хэргийн сайд Анналена Бэрбокийг үнссэнээ тайлбарлаж, уучлал гуйжээ.

“Магадгүй энэ нь зохисгүй харагдсан байх. Хэрвээ үүнийг тааламжгүй хүлээж авсан хүмүүс байгаа бол би тэднээс уучлал гуйж байна” гэж Радман ярьсныг Хорватын хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.

Тэрбээр онгоц нь саатсаны улмаас чуулганд хоцорч ирсэн, Бэрбоктой зөвхөн бөөндөө зураг авхуулах үеэр уулзсан тул ингэж мэндчилснээ тайлбарлажээ.

“Ямар асуудал гарсныг би ойлгохгүй байна. Бид бие биетэйгээ үргэлж халуун дотно мэндчилдэг. Энэ бол хамтран ажилладаг хүмүүсийн хооронд байдаг халуун дулаан харилцаа юм” гэж Радман ярьсан байна.

Хэвлэлүүдийн авсан дүрс бичлэгт сайд нар бөөндөө зураг авхуулахаар зогсох үед Радман Бэрбокийг үнсэхийг оролдож, Бэрбок нүүр буруулан зайлсхийж байгаа нь харагдсан юм.

Хорватын зарим иргэд Радманыг олон нийтийн өмнө Германы сайдыг эвгүй байдалд оруулж, улс орныхоо нэр хүндийг унагасан гэж шүүмжилцгээж байна.

2009-2011 онд Хорватын ерөнхий сайдаар ажиллаж байсан Ядранка Косор “Эмэгтэй хүнийг албадан үнсэх нь хүчирхийллийн нэг хэлбэрт тооцогддог билүү?” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: DPA