ОХУ-ын Камчаткийн хойгт оршдог Ключевской галт уул агаарт үнс нурам, халуун лаав цацаж эхэлсний улмаас ойр орчмын замууд боогдож, сургууль цэцэрлэгүүдийг хаажээ.
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэгд тооцогддог энэ уул өнгөрсөн зургаадугаар сараас дэлбэрч эхэлсэн юм.
Харин өчигдөр буюу Лхагва гарагт дэлбэрэлтийн эрчим нэмэгдэж, тогооноос цацагдсан үнс нурам нь 14 км өндөрт хүрсэн байна.
Орон нутгийн эрх баригчид галт уулын орчимд нислэг үйлдэхийг хориглож, сургууль, цэцэрлэгүүдийг хаах арга хэмжээ авчээ. Галт уулын тогооноос 30 км зайтай оршдог Ключи тосгоны оршин суугчдад үнсэнд дарагдаж болзошгүйг анхааруулсан байна.
Ключевской галт уул анх ажиглаж эхэлсэн 1700 оноос хойш олон арван удаа дэлбэрч байжээ.
Энэ удаагийн дэлбэрэлт намжих, эсвэл улам эрчимжих талаар мэргэжилтнүүд нэгдсэн дүгнэлтгүй байгаа гэнэ. Зарим нь дэлбэрэлт цааш олон сар үргэлжилж магадгүйг хэлж байна.
Камчаткийн хойгт 300 гаруй галт уул байдгийн 29 нь идэвхтэй ангилалд багтдаг.
Энэ оны дөрөвдүгээр сард Шивелуч галт уул дэлбэрэхэд ойр орчмын тосгон суурин газрууд зузаан үнсэнд дарагдаж байжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!