ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол орны 12,500 гаруй сурагч ВИРТУАЛ-аар хичээлээ үзэх боломж бүрдлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Мобиком корпорац хүүхэд бүрд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор "Smart education 3" төслөө хэрэгжүүлж эхэлжээ.

"Smart education" төсөл нь ковид-19-ийн үед эхэлж байв. Цар тахлын үед алслагдсан сум дүүргийн хүүхдүүд янз бүрийн төхөөрөмжгүйгээс болж хичээлээ үзэж чадахгүй нөхцөл байдал учирсан байна. Тиймээс орон даяар гар зургийн уралдаан зарлаж эхний жилд 1,320, сүүлийн жилд 2,000 хүүхдэд ухаалаг гар утас бэлэглэж байжээ.

Харин энэ жил хэрэгжиж буй “Smart education 3” төслийн зорилго нь техник, технологийн тусламжтайгаар орон нутаг, хотын төв, зах гээд хаана амьдардгаасаа үл хамааран сурагчид дэлхийн орчин үеийн боловсролыг дэргэдээсээ авч, тэгш боломжийг хүртэхэд оршиж байгаа аж.

Хүүхдүүдэд технологи шингэсэн чанартай боловсрол олгохын тулд алслагдсан аймаг, сумын сургуулиудын анги танхимыг сүүлийн үеийн Chromebook, VR төхөөрөмж, Smartboard тохижуулсан байна. 

"Smart education 3" төсөл хэрэгжиж буй сургуулиуд:

  • Төв аймгийн Борнуур сумын ЕБС
  • Орхон аймгийн долдугаар сургууль
  • Булган аймгийн Рашаант сумын ЕБС
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЕБС
  • Дорноговь аймгийн Сайншанд нэгдүгээр сургууль
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын ЕБС
  • Улаанбаатар хотын “Өнөр” цогцолбор сургууль
  • Улаанбаатар хотын 57 дугаар сургууль
Тус төслийн хамт олон өнгөрсөн гурван жилийн зорилгоосоо суралцан илүү шинэлэг давуу талыг бий болгохоор ажилласан байна. Энэхүү төсөлд 12,500 хүүхэд хамрагдаж бүрэн боломжтой. Мөн цахим анги байгуулах жишгийг эвдэж, хүүхдүүдийн сурлагын ахицад хэрхэн нөлөөлөх талаар судалгаануудыг хийсэн байна. 

"Хичээлийг сонирхолтой байлгах үүднээс хүүхдүүдэд Chromebook, багш нарт Smart дэлгэц бэлэглэж байгаа"

Тус төслийн онцлогийн талаар Мобиком Корпорацын Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал С.Батзаяа "Smart education 3 төсөлд олон байгууллагатай хамтарч цогц дижитал ангийн бүрдүүлэхийг зорьсон. Дижитал анги нь өндөр хурдны интернетээр бүрэн хангагдаж, хүүхдүүдийн суралцахад таатай орчныг бүрдүүлсэн анги танхим, сандал ширээ зэргийг дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ хамтран тохижуулсан. 

Хичээлийг сонирхолтой байлгах үүднээс хүүхдүүдэд Chromebook, багш нарт Smart дэлгэц бэлэглэж байгаа. Ялангуяа дунд ангиас дээшээ насны хүүхдүүд байгалийн шинжлэх ухааны хичээлээс дур сонирхол буурдаг нь судалгаанаас ажиглагдсан.

Тиймээс VR технологийн шинэ төхөөрөмжийг хичээлийн танхимд авч тавьсан. Мөн VR төхөөрөмжийн доторх контентыг нь бүрэн хангахад онцгой анхаарсан" хэмээн тайлбарлав. 

Хүүхэд ямар орчинд амьдарч буйгаас үл хамааран боловсролын тэгш бус байдлыг арилгах, технологийн тусламжтай хүртээмжтэй мэдлэгийг өгөхөд гол зорилго оршсон юм. 

Виртуал төхөөрөмжөөр хими, физикийн хичээлийн дадлага ажлыг хүүхэд өөрөө гараараа барьж, орчинд орж, бодит юм шиг мэдрэх нь давуу талтай.

"Байгалийн ухааны хичээлийн 80 минутын 70 гаруй хувь нь яриагаар ордог"

зураг
 

Арга хэмжээний үеэр Нийслэлийн 57 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид тохижуулагдаж буй ангиудын тоног төхөөрөмжтэй танилцсан юм. 

Тэрбээр "Байгалийн ухааны хичээлийн туршилт хийхээр тоног төхөөрөмж нь олдохгүй, ашиглагдаад удчихсан гэх мэт асуудал байдаг. Байгалийн ухааны хичээлийн 80 минутын 70 гаруй хувь нь яриагаар ордог. Төсөөлөл маш сайтай хүүхэд л сайн олгодог гэх үү дээ.

VR төхөөрөмжийг туршиж үзэхэд амьтдыг илүү ойроос бодитоор харах, орчинд очсон юм шиг мэдрэмжийг мэдрүүлж буй давуу талтай байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. 

"Олон төрлийн боловсрол тэгш бусаар очсоноос болж хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртдөг"

зураг
 

Ид шидийн орон төслийн санаачлагч Б.Ганжавхлан "Нийгмийн хүүхэдтэй холбоотой асуудлууд боловсролтой очиж холбогддог. Бид боловсролыг нэлээд тойрч ярьдаг. Гэтэл хүүхдийн боловсролд хийж буй хөрөнгө оруулалтын үр шим нь ирээдүйд 8-10 дахин үржигдэж ирдэг. Нийгэмд бүтээж буй үнэ цэнээрээ ирдэг гэсэн судалгаа байгаа. 

Мобиком корпорац орон нутаг нийслэлийн зургаан сургуулийг сонгож үндэсний хэмжээний санаачилгыг эхлүүлж байгаа нь онцлог байна. Тэгш боломж гэхээр анги танхим тохижуулдаг байсан. Одоо бол илүү технологид суурилсан тэгш боломжийг үүсгэхээр зорьсон байна. 

Жишээлбэл төсөл хэрэгжиж буй Хөвсгөл аймгийн Ханх сум нь зам харгуй тааруу хөгжсөн хойд хил орших орон нутаг. Тус суманд сурч буй хүүхэд "Smart education 3" төслөөр дамжуулан нийслэлийн аль ч сургуульд зааж буй хөтөлбөрийг ижил хэмжээнд авах шийдлийг суурилуулж өгсөн.

Хүүхэд боловсролын харилцаанд орох тусам тодорхой хэмжээгээр хүчирхийллээс хамгаалагдаж байдаг. Олон төрлийн боловсрол тэгш бусаар очсоноос болж хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртдөг" хэмээн ярив. 

"Байгалийн ухааны хичээлүүд ихэвчлэн хийсвэрээр өрнөдөг"

“Smart education 3” төсөл хэрэгжиж буй Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуулийн бага боловсролын сургалтын менежер Ч.Эрдэнэ-Од өөрийн биеэр ирж тоног төхөөрөмжүүдтэй танилцсан юм.

Тэрбээр "Мобиком корпорацын хэрэгжүүлж буй төсөлд Ханх сумын сургууль маань хамрагдсан баяртай байгаа. Би боловсролын салбарт 13 жил ажиллаж байна. Манай сургуулийн анги танхимууд бүрэн тохижуулагдаагүй учир хүүхдүүд туршилтын хичээлд харагдах боломжгүй.

Байгалийн ухааны хичээлүүд ихэвчлэн хийсвэрээр өрнөдөг. Дижитал ангитай болсноор хүүхдүүд маань илүү бодитой боловсролыг хүртэх болсон нь давуу талтай" гэв. 

“Smart education 3” төслийн гүйцэтгэгчээр Мобинет ХХК, хамтрагчаар Боловсролын Ерөнхий газар, НҮБ-ийн хүүхдийн сан, контент нийлүүлэгчээр HANDPRO, DIGITAL SOLUTIONS, BLACKNGREEN-н хамт олон ажиллаж байна.