ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Санамсаргүй тохиолдлоор Тяньаньмэний үйл явдлыг сануулсан тамирчдын гэрэл зургийг Хятадад хоригложээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ханжоу хотод үргэлжилж буй Азийн Спортын Наадмын үеэр Хятадын хоёр тамирчин санамсаргүй үйлдлээрээ улс төрийн эмзэг үйл явдлыг олон нийтэд сануулсан байна.

Эмэгтэйчүүдийн саадтай гүйлтийн 100 метрийн уралдаанд оролцсон Лин Ювэй, У Яньни нар харилцан бие биедээ баяр хүргэн тэврэлдэх мөчийг гэрэл зурагчид буулгаж авчээ.

Гэтэл тэдний зүүсэн дугаар 6 ба 4 байсан юм. Энэ нь 1989 онд Тяньаньмэний талбайд болсон үйл явдалтай холбоотой тоо юм байна. Тухайн оны зургаадугаар сарын 4-ний өдөр Хятадын армийн танкууд улс төрийн шинэчлэлтийг шаардсан жагсагчдыг цус урсган дарахаар талбайд орж ирж байжээ.

Үүний улмаас тамирчдын гэрэл зураг Хятадын үзэл суртлын цензурт өртөж, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд хориглогдсон байна.

Хятадын төв телевизийн суваг эхлээд хоёр тамирчны гэрэл зургийг Вэйбо сошиал хуудсандаа нийтэлсэн байсан юм. Гэвч хэдхэн цагийн дараа уг нийтлэлээ устгажээ.

Дараа нь Хятадын хамгийн том хайлтын систем Байду уг гэрэл зургийг харуулахгүй болсон байна.

Сүүлд Шиньхуа агентлаг мэдээндээ энэ гэрэл зургийг ашигласан ч тамирчдын дугаартай хэсгийг тастсан байжээ.

 

Эх сурвалж: CNN