Лхагва гарагийн орой энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртэх эрхмүүдийн нэрсийг зарлалаа.
Энэ удаа квант цэг (quantum dot) гэж нэрлэдэг LED дэлгэцийн өнгийг дүрсэлдэг нано бөөмсийг бий болгосон гурван эрдэмтэн шагналыг хүртэхээр болжээ.
Уг материалыг бас анагаах ухааны салбарын багаж хэрэгсэлд, нарны эрчим хүчний хавтанд өргөн ашигладаг юм.
11 сая швед кроны ($1 сая) мөнгөн шагналыг хувааж хүртэх болсон эрдэмтэд нь Мунги Бавенди, Луиз Брюс, Алексей Екимов нар юм байна.
АНУ-ын Колумбын Их сургуулийн хүндэт профессор, 80 настай Брюс 1972 онд АТ&Т Bell Labs компанид ажилд орсноосоо хойш 23 жилийг нано талстуудыг судлахад зориулжээ.
Парист төрж, Франц, Тунист өссөн 62 настай Бавенди 1990 онд Массачусетсын Технологийн Их сургуульд ирснээсээ хойш Брюстэй хамт нано талстын судалгаанд хамтран ажилласан байна. Тэрбээр одоо уг сургуулийн профессор юм.
78 настай Екимов нь Зөвлөлт Холбоот Улсад төрж, хожим АНУ-д цагаачилсан хүн бөгөөд 1999 оноос хойш Nanocrystals Technology компанид шинжлэх ухааны судалгаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байна.
Екимовын хувьд 1980-аад оны үед квант цэгийг анх нээсэн хүн юм.
Брюс, Бавенди нар сүүлд үүнийг нь шингэний талст болгон хувиргах аргыг нээж байжээ.
Даваа гарагт эхэлсэн Нобелийн шагналын долоо хоног үргэлжилж байна. Эхний өдөр анагаах ухааны, Мягмар гарагт физикийн салбарын шагналтнууд тодорсон. Өнөөдөр орой утга зохиолын, маргааш орой энх тайвны салбарын шагналтнуудыг зарлах бол Даваа гарагт эдийн засгийн шагналтныг зарлана.
Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 10-нд буюу шагналыг санаачлагч Альфред Нобелийн 1896 онд нас барсан өдөр зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!