УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргаар томилохоор Монгол Ардын Нам(МАН) улс төрийн шийдвэр гаргаснаа өнөөдөр танилцуулав.
Х.Нямбаатар нь Засгийн газрын ихэнх ажлын хэсгийн ахалж байв. Тухайлбал Оюутолгойн гэрээ, Орано майнинг групптэй гэрээ байгуулах, авлига, нүүрсний хэргийн гэхчлэн томоохон асуудал хариуцсан ажлын хэсгийг толгойлсон. Харин одоо Хотын дарга болох гэж байгаа нь МАН боловсон хүчний дутагдалд орсон уу, өөр томилох хүнгүй болов уу гэх асуултыг үүсгэж байна.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ариунзаяа "Х.Нямбаатар сайдыг Хотын даргад санал болгож байгаагаа Ерөнхий сайд тайлбарлахдаа хот дээр тулгамдсан асуудал их байгаа тул туршлагатай хүн хэрэгтэй гэсэн.
Бүх түвшинд ажиллаж үзсэн, ялангуяа Хууль зүйн сайдаар маш сайн ажилласан буюу нэр хүндтэй байгаа. Авлигын эсрэг ажиллаж, сонсголуудыг чамбай хийсэн, хяналт шалгалтын ажлуудаа сайн хийж байгаа туршлагатай хүнийг шуурхай томилох нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол мерит тогтолцоо буюу туршлага дээр үндэслэсэн томилгоо.
Хомсдол гэхээс илүү хамгийн шилдэг хүмүүсээ фронт руугаа түлхүү явуулах ажиллагаа гэж харж байна" гэх тайлбарыг хийв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!