Дэлхийн тэргүүн баян гэгддэг Илон Маск арван хүүхэдтэй хүн. Тэрбээр хүн төрөлхтөн өсөж үржихгүй бол соёл иргэншил устана гэж үздэг.
Энэ үзлийг нь түүний төрсөн эцэг Эррол Маск ч бас дэмждэг юм.
Тэрбээр саяхан Business Insider сайтад өгсөн ярилцлагадаа энэ талаар үзэл бодлоо хуваалцжээ.
Эррол Маск нь долоон хүүхэдтэй хүн юм. Тэрбээр Илоны ээж Майе Маскаас гурван хүүхэдтэй, дараа нь гэрлэсэн Хэйде Безуиденхут гэдэг эмэгтэйгээс хоёр хүүхэдтэй болж байжээ.
Сүүлд тэр Безуиденхутаас салсныхаа дараа өөрийн дагавар охин байсан Яна Безуиденхутаас дахин хоёр хүүхэдтэй болсон байна.
Эррол, Яна нар хамгийн сүүлд 2022 онд хүүхэдтэй болж байжээ.
“Бүх эрчүүд адилхан. Миний мэдэхээр хүүхэдтэй болохдоо ямар ч эрэгтэй аз жаргалтай байдаг. Үүнд нас хамаагүй. Бид ингэхийн тулд л бүтээгдсэн юм шүү дээ” гэж Эррол Маск ярьжээ.
Саяхан хэвлэгдсэн Илон Маскийн намтар номд тэр 15 настай дагавар охиндоо хэт их анхаарал тавьдаг эцэгтээ санаа зовж байгаагаа ярьж байсан баримт дурдагдсан юм.
Энэ талаар Эрролоос асуухад “Би бүх хүүхдүүддээ ялгалгүй анхаарал тавьдаг байсан. Тэгээд ч би ээжээс нь салсныхаа дараа, нас 30 гарсан байх үед нь Янатай дотноссон” гэж тайлбарлажээ.
Тэрбээр одоо ч хүүхэдтэй болоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ хүүхдийг нь төрүүлэх эмэгтэй 35 хүрээгүй байх ёстой гэнэ.
“Би одоо 77 настай ч бие сайн байгаа. Тамирчин шиг л биетэй байна. Хэрвээ надаас хүүхэдтэй болохыг зөвшөөрөх эмэгтэй олдвол тэр 35-аас доош настай байх ёстой. Эмэгтэй хүний хүүхэд төрүүлэхэд зохимжтой дээд нас 35 гэж би боддог. Хэрвээ тэр 35 хүрээгүй, тэгээд надад таалагдвал ямар ч эргэлзээгүйгээр дахин хүүхэдтэй болно” гэж Эррол ярьжээ.
Илон Маск олон жилийн өмнө эцгээсээ холбоогоо тасалсан гэдэг. Гэхдээ тэд нэг л зүйл дээр санал нийлсэн хэвээр байдаг нь хүүхэд юм байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
|