Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Палестин хоригдолтой дотно харилцаа тогтоосон дуулианы улмаас Израил улс шоронгоос эмэгтэй цэргүүдээ татахаар болов

Т.Давааням, ikon.mn
2023 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Израил улсын эрх баригчид саяхан хэвлэлд нийтлэгдсэн дуулиантай холбоотойгоор эмэгтэй цэргийн алба хаагчдаар шоронгийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлэхээ зогсоохоор болжээ.

Тус улсад эмэгтэйчүүд хоёр жил, эрэгтэйчүүд 32 сар цэргийн алба хаах үүрэгтэй байдаг.

Шоронд харгалзагчаар ажиллаж байсан нэг эмэгтэй цэрэг терроризмын хэргээр бүх насаар хоригдох ял эдэлж буй палестин хоригдолтой дотно харилцаанд орсноо шүүх хурлын үеэр хүлээсэн тухай Израилын хэвлэлүүд Баасан гарагт мэдээлсэн юм.

Тэр бас өөр дөрвөн эмэгтэй цэрэг уг хоригдолтой харилцаанд орсныг мэдүүлжээ.

Баасан гарагийн үдээс хойш Израилын Шоронгийн Захиргааны тэргүүн Кэти Пэрри, Үндэсний Аюулаас Хамгаалах Яамны сайд Итамар Бэн-Гвир нар палестины террористуудыг хорьдог чанга дэглэмтэй хорих газруудад эмэгтэй цэргийн алба хаагчдыг цаашид ажиллуулахгүй болсноо мэдэгдсэн байна.

2025 оны дундуур Израилын шоронгуудад ганц ч эмэгтэй цэргийн алба хаагч үлдэхгүйг Бэн-Гвир сайд энэ үеэр амлажээ.

Чанга дэглэмтэй шоронгуудад эмэгтэй цэргүүдийг ажиллуулахгүй байх асуудал өмнө нь олон удаа яригдаж байсан ч хүн хүчний хүрэлцээнээс болоод арга хэмжээ авдаггүй байсан гэнэ.

Өнгөрсөн онд палестин хоригдлууд харгалзагчаар ажилладаг эмэгтэй цэргүүдэд халдаж, хүчирхийлсэн, зарим шоронгийн ахлах албан тушаалтнууд эмэгтэй цэргүүдийн биеийг үнэлүүлсэн зэрэг дуулиан дэгдэхэд Израилын холбогдох яамд мөрдөн шалгах ажил эхлүүлж байжээ.

 

Эх сурвалж: BBC